"Starbucks Korea" түүхэндээ анх удаа бүх салбараа хааж, ажилчдадаа сургалт орлоо

Starbucks Korea компани 6 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цагаас эхлэн Өмнөд Солонгос улс даяар үйл ажиллагаа явуулдаг 2,160 гаруй салбарынхаа үйл ажиллагааг түр зогсоолоо. Үйлчилгээ зогсохтой зэрэгцэн цахим аппликейшн болон урьдчилсан захиалгын системүүдийг ч мөн хаасан байна.

Тус компани 1999 онд Солонгост анхны салбараа нээснээс хойш ажлын өдөр, оргил цагаар бүх салбараа зэрэг хааж буй анхны тохиолдол нь энэ юм. Нийт ажилтнуудыг хамруулсан уг сургалт нь 3 цагийн турш үргэлжлэх бөгөөд гол зорилго нь түүхийн зөв ойлголт, үндэсний ухамсар болон нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэжээ.

Энэхүү шийдвэр нь өнгөрсөн 5 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн гаргасан алдаатай маркетингийн сурталчилгаанаас үүдэлтэй юм.

Старбакс шинээр худалдаанд гаргасан "SS Tank" нэртэй ган аягаа сурталчлахдаа Өмнөд Солонгосын ардчилсан хөдөлгөөний хамгийн эмгэнэлт өдөр болох 1980 оны "Кванжугийн бослого"-ын ойг тааруулан "Танкны өдөр" гэж нэрлэсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлсэн. Үүнээс гадна 1987 онд цагдаа нарын эрүүдэн шүүлтэд өртөж амиа алдсан оюутан идэвхтэн Пак Жон Чолын хэргийг хаацайлахдаа тухайн үеийн эрх баригчдын хэлж байсан "Ширээг "Так" гээд цохитол үхчихсэн" гэх даажигнасан хэллэгийг санагдуулам үгсийг сурталчилгаандаа ашигласан нь гал дээр тос нэмсэн хэрэг болсон юм.

Солонгосын хэрэглэгчид болон иргэний нийгмийн байгууллагууд уг асуудалд маш хүчтэй байр суурь илэрхийлж, Старбаксыг бойкотлож (хэрэглэхээс татгалзаж) эхэлсэн юм. Брэндийн нэр хүнд унаж, олон нийтийн шахалт ширүүссэнтэй холбогдуулан өнгөрсөн сард Старбакс Корэа-гийн Гүйцэтгэх захирал (CEO) Сон Жон Хёныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн Старбаксын Солонгос дахь эрхийг эзэмшдэг "Шинсэгэ Групп"-ийн дарга Чон Ён Жин олон нийтээс албан ёсоор уучлалт гуйсан байна.


"Starbucks Korea" түүхэндээ анх удаа бүх салбараа хааж, ажилчдадаа сургалт орлоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ