Гурван жил комд байсан Тайландын гүнж 47 насандаа таалал төгслөө

Тайландын хааны ордны товчооноос тус улсын хаан Маха Важиралонгкорны ууган охин, гүнж Бажракитиябха 47 насандаа таалал төгссөнийг албан ёсоор зарлалаа.

Гүнж Бажракитиябха нь 2022 оны арванхоёрдугаар сард нохойгоо салхилуулж яваад гэнэт ухаан алдаж унасан бөгөөд эмч нар түүнийг зүрхний хэм алдагдах эмгэгийн улмаас ухаан алдсан хэмээн оношилж байв. Тэрээр үүнээс хойш Бангкок хотын Чулалонгкорн эмнэлэгт гурван жил орчим хугацаанд ухаангүй (комд) байсан бөгөөд эмнэлгийн эрчимт эмчилгээ хийлгэж байгаад ийнхүү таалал төгсжээ.

Ардын гүнж, чадварлаг хуульч

Thai Princess Bajrakitiyabha, who was known for her legal work, dies | AP  News

Гүнж Бажракитиябха нь Тайландын хааны долоон хүүхдийн ууган нь бөгөөд хааны анхны эхнэрээс төрсөн цорын ганц охин юм. Тэрээр хааны гэр бүлийн гишүүд дундаа хамгийн өндөр боловсролтой, олон нийтийн үйл хэрэгт идэвхтэй оролцдог, ард түмний дунд нэр хүндтэй нэгэн байв.Тэрээр АНУ-ын Корнеллийн их сургуульд хуулийн ухааны магистр болон докторын зэрэг хамгаалсан. НҮБ дахь Тайландын төлөөлөгчийн газарт ажиллаж байснаас гадна эх орондоо Ерөнхий прокурорын байгууллагад алба хашиж байжээ. Мөн 2012-2014 оны хооронд Тайландаас Австри улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан туршлагатай. Мөн эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг, холын зайн гүйлт болон фитнесээр хичээллэдэг байжээ.

Тайландын уламжлалаар хаан ширээг эрэгтэй хүн залгамжилдаг байсан ч 1974 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эмэгтэй хүн хаан ширээнд суух эрх нээгдсэн юм. Чадвар, туршлага болон хаан аавынх нь түүнд үзүүлдэг итгэл зэргээс шалтгаалан шинжээчид гүнж Бажракитиябхаг хаан ширээг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүний нэгээр нэрлэдэг байв.


Гурван жил комд байсан Тайландын гүнж 47 насандаа таалал төгслөө
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ