БНСУ-д галын машины зам хаасан тээврийн хэрэгслийг шууд хүчээр зайлуулдаг болжээ

БНСУ-д галын машины хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг эзэнтэй нь холбогдох боломжгүй тохиолдолд шууд хүч хэрэглэн зайлуулах шинэ журам хэрэгжиж эхэлсэн нь олон нийтийн дэмжлэгийг авч байна.

Өмнө нь гал түймэртэй тэмцэх байгууллагууд яаралтай дуудлагын үед зам хаасан автомашины эзэнтэй утсаар холбогдох, зарлан мэдэгдэх зэрэг шат дараалсан арга хэмжээ авдаг байсан. Харин шинэ зохицуулалтын дагуу эзэн нь холбогдохгүй, хугацаа алдах нөхцөл үүсвэл галын машин тухайн тээврийн хэрэгслийг түлхэх, мөргөж зайлуулах, шаардлагатай бол цонхыг нь хагалж чирэх хүртэл арга хэмжээ авах эрхтэй болжээ.

Энэхүү шийдвэр нь галын машин саатсанаас үүдэн гал унтраах ажиллагаа удааширч, амь нас болон эд хөрөнгийн хохирол нэмэгдсэн хэд хэдэн тохиолдлын дараа батлагдсан байна. Албаныхны мэдээлснээр, онцгой байдлын үед минут бүр хүний амь насанд шууд нөлөөлөх тул зам чөлөөлөх ажиллагааг хүлээлгүй шуурхай шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ.

Шинэ журмын хүрээнд галын машины ажиллагаанд саад учруулсан автомашинд учирсан эвдрэл, гэмтэлд төрийн байгууллага хариуцлага хүлээхгүй бөгөөд хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн эзэн өөрөө барагдуулах зохицуулалт үйлчилж байна. Мөн ийм зөрчил гаргасан жолоочид торгууль ногдуулах бөгөөд давтан зөрчилд илүү хатуу хариуцлага тооцох аж.

Албаныхны үзэж буйгаар энэхүү арга хэмжээ нь гал түймрийн үед шуурхай ажиллагааг хангах, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, мөн замын соёлыг сайжруулахад эерэг нөлөө үзүүлж эхэлсэн байна.


БНСУ-д галын машины зам хаасан тээврийн хэрэгслийг шууд хүчээр зайлуулдаг болжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ