Дэлхий даяар шатахууны зах зээлд дарамт нэмэгдэж, зарим улс яаралтай арга хэмжээ авч эхэллээ

Ойрх Дорнод дахь хурцадмал байдал нэмэгдэж, нефтийн нийлүүлэлтэд эрсдэл үүссэнтэй холбоотойгоор дэлхийн шатахууны зах зээлд дарамт үүсэж, бензин болон дизель түлшний үнэ өсөх хандлага ажиглагдаж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ

Гадаадын эх сурвалжуудын мэдээлснээр Ирантай холбоотой мөргөлдөөн хурцадсаны улмаас дэлхийн нефтийн чухал тээврийн зам болох Ормузын хоолойн аюулгүй байдалд эрсдэл үүсээд байна. Тус хоолойгоор дэлхийн нефтийн их хэмжээний тээвэрлэлт дамжин өнгөрдөг бөгөөд нийлүүлэлт доголдвол олон улсын зах зээлд шатахууны хомсдол үүсэх магадлалтай гэж шинжээчид анхааруулжээ.

Үүний нөлөөгөөр дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ огцом өсөж, Brent төрлийн нефть баррель нь 100 ам.доллароос давсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотойгоор зарим улс шатахууны нийлүүлэлтийг хамгаалах, үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор яаралтай арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, Австралийн эрх баригчид шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд түлшний стандартын шаардлагыг 60 хоногийн хугацаанд түр зөөлрүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн БНСУ шатахууны үнийн огцом өсөлтийг бууруулахын тулд дотоодын бензиний үнэд дээд хязгаар тогтоох бодлого хэрэгжүүлэхээр болсон байна.

Харин Хятад улс дотоодын шатахууны нөөцийг хамгаалах зорилгоор бензин, дизель болон нисэхийн түлшний гуравдугаар сарын экспортын нийлүүлэлтийг нэн даруй зогсоох шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Энэ шийдвэр нь гаалиар гараагүй байсан шатахууны ачаанд мөн хамаарч байгаа аж.

Үүнээс гадна зарим улс шатахууны хэрэглээг бууруулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд зарим Азийн орон ажил, сургуулийн хуваарийг өөрчлөх, шатахууны хэрэглээг хязгаарлах зэрэг арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэгдсэн байна.


Дэлхий даяар шатахууны зах зээлд дарамт нэмэгдэж, зарим улс яаралтай арга хэмжээ авч эхэллээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ