ОХУ руу энэ сарын 30-наас биометрийн мэдээллээр нэвтэрнэ

Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор ОХУ-ын Москва хотын Домодедово, Шереметьево, Внуково, Москва мужийн Жуковскийн олон улсын нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрүүлэх боомт болон Оренбург мужийн Маштакова автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 2024 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нэвтрэх гадаад улсын иргэдээс биометрийн мэдээллийг авах туршилтын эхний шатны ажлыг эхлүүлсэн.

Энэхүү туршилтын ажлын хоёр дахь шат нь 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд ОХУ-ын бүх шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх визгүй зорчих гадаадын иргэд өөрийн биометрийн мэдээллийг өгөх шаардлагатай болсон. Үүнтэй холбогдуулан гадаадын иргэд ОХУ-ын хилээр нэвтрэхээс хамгийн багадаа 3 хоногийн өмнө буюу 72 цагийн өмнө цахим бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай ба яаралтай тохиолдолд /жишээлбэл, төрөл төрөгсөд нь өвдсөн, нас барсан зэрэг/ хил нэвтрэхээс 4 цагийн өмнө богино хугацаанд хүсэлт гаргахыг зөвшөөрөхөөр зохицуулжээ.

Иргэд хил нэвтрэх урьдчилсан бүртгэлийг “Госуслуги RuID” гар утасны программ ашиглан хийж, QR код авах шаардлагатай болж байна. QR кодыг үүсгэхийн тулд гадаад улсын иргэн “Госуслуги RuID” программаар хувийн мэдээллээ бөглөж, өөрийн зургийг байршуулж, тус улсад байх хугацааг оруулна. Хэрэв, гадаад улсын иргэн ОХУ руу нэвтрэх хүсэлт гаргаснаас хойш 90 хоног өнгөрч, ОХУ-д нэвтрээгүй бол QR кодыг дахин авах шаардлагатай болох аж.

ОХУ-д нэвтрэх QR кодыг хэрхэн авах вэ?

- Оросын мэдээн дээр “Госуслуги RuID” программд бүртгүүлнэ;

- Хувийн дэлгэрэнгүй мэдээллээ бөглөн оруулж, өөрийн зургийг байршуулна;

- ОХУ-д оршин суух зорилго, байх хугацааг агуулсан цахим мэдүүлгийг бөглөнө;

- Бүртгэл хийгдсэний дараа QR код үүснэ;

- ОХУ-ын хилийн боомт дээр QR код болон гадаад паспортын хамтаар шалгуулна;

- ОХУ-ын хилийн боомтоор нэвтрэх үед биометрийн /зураг, гар, хурууны хээ авна/ процедурт хамрагдана.


ОХУ руу энэ сарын 30-наас биометрийн мэдээллээр нэвтэрнэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ