69 настай Роберт Превост Гэгээн ширээт улсын тэргүүн XIV Лео боллоо

Cистиний дуганаас цагаан утаа суунаглаж, шинэ пап ламыг сонгосныг мэдэгдэж, АНУ-ын Роберт Превост хэмээн зарлалаа. Энэ нь түүхэн дэх анхны Америк хүн Пап ламаар тодорч буй бөгөөд түүнийг Ромын Пап лам XIV Лео гэж дуудахаар болж байна. Роберт Превост 1955 оны 9-р сарын 14-нд Чикаго хотод Луис Мариус Превост, Милдред Мартинез нарын хүү болон мэндэлжээ. Тэрбээр 1973 онд Гэгээн Августинийн нэрэмжит бага семинарт дунд сургуулиа дүүргэсэн. Превост 1977 онд Виллановагийн их сургуульд математикийн ухааны бакалаврын зэрэг хамгаалсан. Привост санваартан болохоор шийдэн 1977 оны 9-р сард Гэгээн Августинийн нийгэмлэгт элссэн. 1978 оны 9-р сард анхны сахилаа, 1981 оны 8-р сард хүндэтгэлийн сахилаа хүртсэн. Дараа жил нь Чикаго дахь Католик шашны Теологийн холбооноос магистрын зэрэг хүртжээ. Түүнийг кардиналаар томилсон Францис агсан өмнөд америкаас тодорсон анхны пап лам байсан бол Превост хойд америкаас тодорсон анхны пап лам болж байна.

Чикаго хотод төрсөн, Ромын Пап XIV Лео анхны үгээ хэлэхээр тагтан дээр гарчээ. Өдгөө 69 настай тэрээр Итали хэлээр хөгжөөн дэмжигч олонд хандан хэлэхдээ: "Та бүхэн амар амгалан байх болтугай. "Хүндэт ах, эгч, дүү нар минь, би дахин амилсан Христийн анхны мэндчилгээг иш татая. Та бүхний гэр бүл, хаана ч байсан амар амгалангийн мэндчилгээ дэвшүүлье. Амар амгалан байх болтугай." "Бурхан биднийг болзолгүйгээр хайрладаг" хэмээн энх тайвны захиасыг үргэлжлүүлж буй шинэ пап үргэлжлүүлэн ярилаа. Тэр Пап лам Францис Гэгээн Петрийн талбайд өмнө нь ирж өөрийн үгээ хэлж байсны адилаар ард түмэндээ өөрийн гэсэн адислалыг хүргэхийг хүсч байгаагаа илэрхийлж, өмнөх Пап лам Францисдаа хүндэтгэл үзүүлэв. "Хүн төрөлхтөнд Бурхан болон түүний хайранд хүрэх гүүр Христ хэрэг болдог. Бидэнд тусалж, бие биедээ тусалж, гүүр бариарай." Дараа нь Пап лам XIV Лео хоёр өдөр үргэлжилсэн Чуулганы үеэр өөрийг нь сонгосон кардиналуудад талархал илэрхийлэв. Цугларсан хүмүүс алга ташиж, урам зориг өгөхөд тэрээр хэсэгхэн зуур түр зогсов. "Бурхан бидэнд зориулж бэлдсэн эх нутаг руу бид бүгд хамтдаа алхаж чадна" гэж тэр хэлэв. "Ромын сүмд онцгой мэндчилгээ дэвшүүлье." Превост дараа нь "үнэнч хүмүүс итгэлээ хуваалцаж, маш их зүйлийг өгсөн" Перу дахь хуучин сүмдээ талархал илэрхийлэхийн тулд испани хэл рүү шилжив. Ийнхүү Перу-Америк гаралтай Чикаго хотноо мэндэлсэн Роберт Превостыг Ромын 267 дахь пап лам, Гэгээн ширээт улсын тэргүүн XIV Лео болгон өргөмжлөв.


69 настай Роберт Превост Гэгээн ширээт улсын тэргүүн XIV Лео боллоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ