Дараагийн пап лам хэн бэ

Дараагийн пап хэн бэ? Католик сүм болон дэлхий нийтээр баптисм хүртсэн 1,4 тербум католик шашинтнуудын хувьд маш чухал шийдвэр гарах гэж байна. Систиний дуганд Кардиналуудын коллеж цуглан мэтгэлцэж дараагийн пап ламыг бүгдийн саналаар сонгодог уламжлалтай.Энэ удаагийн сонголтыг хийх кардиналуудын 80%-г Пап лам Францис тодруулсан бөгөөд анх удаа Пап ламыг сонгох үүрэг хүлээж буйгаар зогсохгүй нэлээд глобаль өнцөг тусгагдана гэж харагдаж байна. Түүхэндээ анх удаа санал өгж буй хүмүүсийн талаас бага хувь нь европ гаралтай байх юм. Хэдий өмнөх Папын томилсон кардиналууд коллежийн ихэнх хувийг бүрдүүлж буй ч гэлээ “дэвшилтэт” эсвэл “уламжлалт” үзэлтэнүүдийн аль нь ч давамгай биш. Энэ зэрэг шалтгаан нь дараагийн Пап ламыг хэн байх вэ гэсэн асуултыг улам тодорхойгүй болгож байна.

Шинэ Пап африк юм уу ази гаралтай байх болов уу? Эсвэл Ватиканы удирдлагаас “хууччуулын” нэгийг сонгох болов уу?

Пиетро Паролин

Үндэс угсаа: Итали

Нас: 70

Өмнөх Папын ерөнхий зөвлөх буюу Гэгээн ширээт улсын төрийн нарийн бичгийн албан тушаалыг хашиж буй тэрээр Папын орлогч хийж буй нь түүнийг Пап болох хамгийн их магадлалтай нэр дэвшигч гэж хэлэхэд хүргэж байна. Католик шашны уламжлалаас илүүтэй дипломат харилцаа, олон улсын тавцан дахь нэр хүндийг чухалчилдаг нь дэмжигчдийнх нь хувьд хүч шүүмжлэгчдийнх нь хувьд асуудал болдог. Гэвч дэлхий дахиний ижил хүйсийн гэрлэлтийн тухай хууль тогтоомжинд шүүмжлэлтэй ханддаг. Өмнөх 266 Папын 213 нь итали гаралтай ч сүүлийн 40 жил итали Пап лам тодроогүйн дээр Ватиканы дээд удирдлага Итали Европоос алдарсан нь өөр нэг итали Пап тодрохгүй ч байж мэдэх талтайг харуулж байна.

Луйс Антонио Гоким Тагл

Үндэс угсаа: Филиппин

Нас: 67

Дараагийн Пап ази гаралтай байх уу?

Кардинал Таглийн хувьд шашин номлолын хэдэн арван жилийн туршлагатай нэгэн. Филиппин улсын 80% нь католик шашинтай бөгөөд Ватикан тус улсад ихээхэн нөлөөтэй. Кардиналуудын коллегид филиппин гаралтай 5 гишүүн байгаа нь хэрэв бүгд Кардинал Таглийг дэмжвэл томхон лобби бүлэг үүсгэж байгаа юм. Католик шашны тодорхойлтоор даруухан нэгэн гэгддэг тэрээр нийгмийн оролцоо, дүрвэгсдэд санаа зовнидог зэргээрээ “Ази Франсис” гэж дуудагддаг. Тэрээр абортыг “аллага” гэж үзэн хүлээн зөвшөөрдөггүй нь Католик шашны амьдрал ураг тогтоход эхэлдэг гэх үзэлтэй нийлдэг. Мөн евтаназийн эсрэг ч дуугарж байсан. Гэхдээ 2015 онд Манилагийн Тэргүүн хамба байх үедээ Тагл Ватикан ижил хүйстэн, гэр бүл салсан, өрх толгойлсон эхчүүдэд хандах хандлагаа өөрчилөх хэрэгтэй бөгөөд өнгөрсөнд тун хатуу хандаж байсан нь хүмүүсийг ялгаварласан хэрэг бөгөөд хувь хүн бүр хүндлэл, хайрыг хүртэх хэрэгтэй гэж байв. 2013 онд Франсисийг сонгох үеэр Кардинал Тагл нэр дэвшигчдийн нэг байсан юм.

Фридолин Амбонго Бесунгу

Үндэс угсаа: Конго

Нас: 65

Католик шашиний сүсэгтнүүд африкт сая саяаар нэмэгдэж буй энэ үед дараагийн Пап лам африк тивээс гаралтай ч байж болох юм. Сонголтын тэргүүлэгчдийн нэг Кардинал Амбонго нь Бүгд Найрамдах Конго улсын иргэн. Тэрээр Киншасагийн Тэргүүн Хамбаар 7 жил ажилласан бөгөөд Пап Франсис кардинал болгож дэвшүүлсэн. Кардинал Амбонгогийн хувьд консерватив үзэлтэй бөгөөд ижил хүйсийн гэрлэлтийг эсэргүүцэж “ижил хүйсийн хүмүүсийн нэгдэл бол соёлын хэм хэмжээтэй зөрчилддөг хорон муу зүйл” гэж тодорхойлж байсан. Христийн шашин Конго улсын иргэдийн хувьд дийлэнх нь дагадаг ч Исламын Улс бүлэглэлийн жихадистуудын гарт олон христчид дарлагдаж амь насаа алдсан. Үүний эсрэг Кардинал Амбонго хүчтэй эсэргүүцэх хүчин болдог. Харин тэрээр 2020 онд өгсөн ярилцлагадаа “Протестантууд протестант байг, муслим шашинтнууд муслим байг. Бид тэдэнтэй хамтарч ажиллах болно. Харин бүгд өөрийн гэсэн тодорхойлолтынхоо дагуу байх хэрэгтэй” гэж хэлсэн нь католик номлолыг дэлхий дахинд түгээх Ватиканы итгэл үнэмшилдээ бүрэн сэтгэл зүрхээ зориулдаггүй гэж зарим кардиналуудыг үзэхэд хүргэсэн.

Петер Кодво Аппиа Турксон

Үндэс угсаа: Гана

Нас: 76

Хэрэв сонгогдвол 1500 жилийн дараа анх удаа сонгогдох африк гаралтай Пап лам болох Кардинал Турксон нь нэр нөлөө ихтэй нэгэн. Кардинал Амбонготой адил энэ ажлыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн. “Пап лам болохыг хүсээд байдаг хүн байхгүй биз” гэж 2013 онд тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа хэлж байжээ. Африк тивд католик шашин өсөж буйтай холбоотойгоор дараагийн Пап тус тивээс тодорж болох уу гэсэн асуултанд “ийм байдлаар шийдвэр гаргах нь усыг булингартуулдаг” учраас Папыг сонгох асуудалд статистик дээр суурилах ёсгүй гэж хэлсэн. Турксон Пап лам 2-р Жон Паулын дор 2003 онд Гана улсаас анх удаа кардиналаар сонгогдсон. Кардинал Таглийн адилаар 2013 онд Пап лам болох сонголтонд нэр нь зонхилж байсан удаатай. Фанк хамтлагт гитарчин байсан тэрээр эрч хүчтэй нэгэн гэж танигдсан. Африк тивийн кардиналуудтай адил консерватист үзэлтэй ч тус тивийн ижил хүйсийн харилцааг гэмт хэрэг гэж үзэх хандлагын эсрэг байр суурьтай байдаг. 2023 онд Гана улсын парламент ЛГБТ хүмүүст хатуу шийтгэл оноох хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр Турксон ижил хүйстнүүдийг эсрэг тал гэж харахгүй байх хэрэгтэй гэж боддог тухайгаа ярилцлагаар илэрхийлж байсан. 2012 онд Ватиканы хамба лам нарын чуулганд европт түгэж буй ислам шашны талаар айдас дагуулсан таамагууд дэвшүүлж хожим нь тус үйлдэлдээ уучлалт гуйж байсан.

  Жилийн 384000 еврогийн цалингаасаа татгалзаж оронд нь сайн үйлсэд зарцуулахыг сонгож, хувийн онгоц тансаг харш зэргээс татгалзан сүмийн хөрөнгө зөвхөн сайн үйлсэд зарцуулагдах хэрэгтэй гэж үзэн 100 еврогийн хөрөнгөтэй энэ хорвоог орхисон Пап Францисийн оршуулах ёслол өнгөрсөн бямба гарагт болж дэлхийн улс орнуудын төлөөлөл, удирдлагууд оролцлоо.


Дараагийн пап лам хэн бэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ