Эрүүл мэндийн салбарт системийн шинэчлэл хийх шаардлага нэгэнт тулгамдсан асуудал болжээ. Гэвч салбарын хөгжлийг урагшлуулах учиртай эмнэлгийн удирдлагын тогтолцоо өөрөө эрх мэдэл, ашиг сонирхлын сүлжээ болон хувирсан гэх шүүмжлэл дагуулж байна. Үүний нэг жишээ нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал П.Анхтуяатай холбоотой асуудал юм. Түүнийг 2025 оны арваннэгдүгээр сард тус эмнэлгийн ТУЗ-ийн даргаар томилогдсонД.Очирбатын оролцоотойгоор удалгүй ерөнхий захирлаар томилогдсон гэх мэдээлэл бий. Улмаар П.Анхтуяа тендерт шалгарсан компанийн захирлаас хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан 150 гаруй сая төгрөгийн шан харамж авсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа нь эмнэлгийн удирдлагын томилгоо, хяналт, хариуцлагын тогтолцоонд ямар асуудал байгааг хөндөхөд хүргэж байна.
АТГ-аас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж, тус эмнэлгийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийсэн. Улмаар түүнийг баривчлан, 48 цагийн хугацаатай саатуулсан байдаг. Түүнийг бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Хэргийг дурдахад, Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2025 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр 90 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах”, мөн 62.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “Өндөр давтамжит долгионоор судас болон эдийн түлж тайрах гар” нийлүүлэх тендер зарлажээ. Тус тендерүүдэд “Кореафарма” компани шалгарсан байна.
Улмаар УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяа “Кореафарма” компанитай “Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” гэрээ байгуулж, гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын явцын санхүүжилт болох 35 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн байна.
Харин үүний хариуд “Кореафарма” компанийн захирлаас өөрийн төрсөн дүүгийнхээ дансаар зургаан сая төгрөг шилжүүлэн авсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.
Энэ нь Авлигын эсрэг хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, албан үүрэгтэй нь холбогдуулан шан харамж шаардах, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэрэг үйлдэлтэй холбоотой байж болзошгүй юм.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяа болон “Кореафарма” компанийн захирлын хооронд харилцан хамаарал, холбоо байсан эсэх асуудал анхаарал татаж байна.
Тодруулбал, П.Анхтуяа албан тушаалын байдлаа ашиглан “Кореафарма” компанийг тендерт шалгаруулж, улмаар шалгаруулсны төлбөр болгон мөнгө авсан уу гэх хардлага төрүүлж буй юм. Гэхдээ энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар эцэслэн тогтоох учиртай.
Шүүхийн шийдвэрийн дараа албан тушаалаа үргэлжлүүлэн хашиж, санхүүгийн гүйлгээ хийсэн
Прокурорын зүгээс П.Анхтуяаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэг шийдвэрлэгдэх хүртэл албан үүргээ биелүүлэхийг нь түдгэлзүүлэх санал гаргажээ.
Үүний дагуу Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс энэ оны долоодугаар сарын 28-ны өдөр түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
Гэвч П.Анхтуяа уг шийдвэрийг эс зөвшөөрч, албан тушаалаасаа түдгэлзэхгүй байх хүсэлтээр шүүхэд дахин гомдол гаргажээ. Улмаар тус шүүхээс долоодугаар сарын 28-ны өдөр гаргасан “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлсэн” шийдвэрийг наймдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүхийн дээрх хоёр шийдвэрийн хугацаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяа олон зуун сая төгрөгийн санхүүгийн гүйлгээг өдөр алгасалгүй хийсэн гэх мэдээлэл байна. Түүнчлэн тухайн гүйлгээнд хамрагдсан зарим аж ахуйн нэгж, байгууллагатай ашиг сонирхлын холбоотой байсан эсэх асуудал ч анхаарал татаж байна.
П.Анхтуяа нь өмнө нь УНТЭ-ийн сургалт, эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд түүнийг долоодугаар сард Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулсан юм.
Мөн Захирлын ажлын албаны дарга Ц.Амаржаргал тэргүүтэй хэд хэдэн хүнийг уг хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа аж.


| УНТЭ-ийн захирал П.Анхтуяагийн авлига авсан гэх асуудал дахин хөндөгдөв |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 14:05:59
2026-11-09 14:05:59
2026-11-09 14:01:06
2026-11-09 13:49:58
2026-11-09 13:14:20
2026-11-09 11:57:35
2026-11-09 10:59:34
2026-11-09 10:35:46
2026-11-09 10:03:35
2026-11-09 09:45:21
Улаанбаатарт 3 хэм дулаан
2026-11-09 07:55:31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-09 07:54:27