Салбарын сорилтын хажуугаар Б.Найдалаагийн туслахууд асуудал дагуулсаар

Монгол Улсын эрчим хүчний салбар ирэх өвлийг хэрхэн давах вэ гэдэг анхаарал татсан асуудал хэвээр байна. Эрчим хүчний салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай яригдаж буй энэ үед төсөвт тусгасан зарим зардлыг бууруулж, төлөвлөсөн санхүүжилтийн асуудал ч өөрчлөгдсөн. Тухайлбал, 2026 оны төсвийн тодотголд тусгасан 92.7 тэрбум төгрөгөөс 13.9 тэрбум төгрөгийг хасаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Мөн “Оюу толгой”-н ногдол ашгаас санхүүжүүлэхээр төлөвлөж байсан хөрөнгийн 800 орчим тэрбум төгрөгийг эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтад зарцуулах Засгийн газрын төлөвлөгөө хуулийн төслийг буцаан татсанаар хэрэгжих боломжгүй болоод байна.

Ийм нөхцөлд Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хувьд ирэх өвөл өнгөрсөн жилийнх шиг эрчим хүчний доголдол үүсгэхгүй байх, салбарын найдвартай ажиллагааг хангах нь нэн тэргүүний зорилт байх учиртай. Гэвч салбарын тулгамдсан асуудалд анхаарах ёстой энэ үед сайдын туслахуудтай холбоотой дуулиан дараалан гарч, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар байна.

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард Эрчим хүчний яаманд ажиллаж байсан сайдын туслах Б.Найдалаагийн суудалд суун ажлаа танилцуулж, сайдаар бичлэг хийлгэсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, багагүй шүүмжлэлд өртсөн юм. Тухайн үед сайдын туслах уг үйлдлээ тайлбарлахдаа “Миний ажлын анхны өдөр байсан. Дуудахаар нь энгийн хувцастай очсон нь буруудлаа. Тийм бичлэг хийсэндээ хүлцэл өчье. Сайдтай хоёр дахь удаагаа л уулзаж үзээд их нээлттэй хүн байхаар нь төрийн ажлыг хөгжилтэй өнцгөөс харуулъя гэж зорьж бичлэг хийсэн. Цаашид ч хийх болно” хэмээн мэдэгдэж байв.

Энэ асуудал намжаад удаагүй байтал өнөөдөр сайдын туслахтай холбоотой дахин нэг маргаан үүсэв.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг сэтгүүлчдэд ярилцлага өгч байх үед Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах өөрийнх нь биед халдсан хэмээн мэдэгдэж, сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй уйлж мэдээлэл өгөв. Уг асуудалд холбогдоод буй сайдын туслах "Төрийн ордны коридорт УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй таарах үеэр өөрийг нь өндөр албан тушаалд томилох гэж байгаа гэх агуулгатай мэдээлэл ярьж байсныг сонссон хэмээн" тайлбарласан. Мөн “Би өндөр албан тушаалд очихгүй, туслахын ажлаа хийгээд явж байна. Та яагаад ингэж худал ярьж байгаа юм бэ” гэж хэлснийхээ дараа утсаа гарган бичлэг хийж эхэлсэн бөгөөд гишүүний камерыг гараараа хаахад өөрийг нь биед нь халдсан хэмээн үндэслэлгүйгээр гүтгэсэн гэж мэдэгдээд байгаа юм.

Ийн нэг сайдын туслахтай холбоотой асуудал намжиж амжаагүй байхад дараагийн маргаан дэгдсэн нь Б.Найдалаагийн багийн ёс зүй, төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн харилцаа хандлагын асуудлыг дахин хөндөж байна.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл, хөрөнгө оруулалт, найдвартай ажиллагаа зэрэг улс орны хэмжээнд чухал асуудал хүлээгдэж буй энэ үед сайдын эргэн тойронд үүсэж буй ийм маргаан түүний ажилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Төрийн албан тушаалтны хувьд зөвхөн өөрийн үйл ажиллагаа төдийгүй хамтран ажиллаж буй хүмүүсийнхээ ёс зүй, харилцаанд ч анхаарах шаардлага бий. Б.Найдалаа сайд томилогдоод зургаан сар ч болоогүй байгаа энэ үед туслахуудтай нь холбоотой давтагдсан маргаан цаашид хэрхэн шийдэгдэх нь анхаарал татаж байна. Эрчим хүчний салбарын өмнө тулгарсан томоохон сорилтуудыг шийдвэрлэх ёстой сайдын хувьд туслахуудынхаа үйлдлээс үүдсэн шүүмжлэлийг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь түүний удирдлага, багийн хариуцлагыг ч давхар шалгах асуудал болжээ. 


Салбарын сорилтын хажуугаар Б.Найдалаагийн туслахууд асуудал дагуулсаар
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ