Эхнэр нь нас барж 1-10 насны таван хүүхэдтэйгээ үлдсэн Г.Ганбат: Ханийнхаа 49 хоногийг дуусгаад айлын хашааг суллаж өгнө

Тэд одоогоос 10 жилийн өмнө танилцаж, гэр бүл болжээ. Нэг нутгийн нэг сумын хоёр. Г.Ганбатын аав гэр бүрж өгч, хайртай бүсгүйтэйгээ голомтоо бадрааж аймгийн төвд нутгийн айлын хашаанд төвхнөж. Энэ цагаас хойш гэрийн эзэн барилга, байшин, мод, газар шорооны ажил хийж, амьдралаа авч явж, гэргий нь гэрийн эзэгтэйн ажлаа хийж амьдарсаар...

Амьдрал зохиосон анхны жил төрсөн ууган хүү нь одоо 10 настай, 4-р ангийн сурагч. Удаах нь охин бөгөөд 8 настай. Мөн 5,3 настай дэрсхэн хөвүүд нь дүү дагуулж энэ айлын тав дахь хүүхэд одоо ой 6 сартай хүү. Хэдий айлын хашаанд ч гэсэн аз жаргалтай амьдралын 10 жилийн түүхийг тэд хамтдаа бүтээсэн.

Гэвч 2023 оны 9 дүгээр сард тэд аймшигт мэдээ сонсов. Нялх биетэй гэргий нь умайн хүзүүний хорт хавдар хэмээн оношлогджээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу ч тэд итгэлээ алдаагүй. Улаанбаатар хотод Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийг бараадсан гэргий нь “Би гоё болж байна” хэмээн нөхөртэйгээ ярина. Г.Ганбат ч тайвширч, хэдэн хүүхдээ л сайн харж, ханийнхаа сэтгэлийг тайван байлгая гэж хичээсээр... Харин тавдугаар сарын эхээр түүнийг хүүхдүүдээ аваад хотод ир гэж. “Гоё болж байна, эдгэж байна” хэмээн ярьдаг гэргий нь хэтэрхий их ядарсан л харагдаж. Мөн энэ үеэр ах дүүстэйгээ хамжин БНХАУ-д эмчлүүлэхээр мэдээллээ явуулж, хариу хүлээж байсан болохоор хаа хаанаа итгэлтэй, хатуу өвчнийг даван туулаад гарна гэсэн бодол тээжээ.

Г.Ганбат “Би ханийгаа сүүлийн хэд хоног нь өөрөө сахисан. Би эдгэнээ л гэж хааяа нэг хэлнэ. Сүүлдээ бүр хүндрээд 7-8 литр цус алдсан. Би эмчээс гуйлаа. Миний биеэр солиод өгөөч гэж хэлсэн. Тэр чинь хүний үр шүү дээ, 32-хон настай. Тэгэхэд эмч “Таван хүүхдээ бодоорой” гэж хэлсэн” гээд хоолой нь зангирав.

Ингээд Г.Ганбат 37 насандаа цэл залуухан ханиа алдаж, таван нялх хүүхэдтэйгээ өнчирч хоцорсон нь 2024 оны тавдугаар сарын 9-ний өдөр юм. Бага хүү нь 2022 оны есдүгээр сарын 17-нд төрсөн. Ирэх намар хоёр ой хүрнэ. Шөнө их уйлна. Таргаар л хүн болж байгаа амьтан. Багын дээдэх 3, 5 настай хөвгүүд ээжийгээ ихээр санах нь өр өвдөм. Энэ гурваасаа арайхан  том амьдралын тухай, аавынхаа зовлонг багахан гадарлан  8 настай охин, 10 настай хүү аавынхаа аяыг харж дүү нараа бөөцийлөлцөнө.

Бид Г.Ганбаттай цөөн хором ярилцлаа.

-Ямаршуухан байна даа?

-Хэдэн хүүхэдтэйгээ байж л байна. Юугаа ч мэдэхгүй таван хүүхэдтэйгээ үлдлээ дээ. Гэрээс холдож явж болохгүйм. Хүний хань байхгүй болчихоор хэцүү байдаг юм байна. Өөрөө л харж, өөрөө л асарч, өөрөө л хамгаалахаас яахав. Үхснийхээ хойноос үхэлтэй нь биш гэдэг их үнэн үг юм байна. Бага маань шөнө их уйлна. Бачуурах л юм. /уйлав/

-Талийгч өөрөө эдгэнэ гэсэн итгэлтэй байв уу, эсвэл таныг тайвшруулаад байв уу?

-Би гоё болж байна гээд л инээдэг байсан даа. Ойр ойрхон төрсөн хүнийг ийм өвчин аваад явчихдаггүй гэж сонссон болохоор би ч айх юмгүй л байлаа. Амиа залгуулах гэж ажлаас өөр юм бодохгүй явж байгаад сайхан ханиа алдчихлаа. Аймгийн нэгдсэн эмнэлэг цус алдаад байна гээд очихоор нь өвчин намдаагч, цус тогтоох тариа хийгээд явуулаад удсан. Тэгээд манай хүн өөрөө хувийн эмнэлэгт үзүүлж байж хавдар гэдгийг оношлуулсан. Алдсан хүн арван тамтай гэгчээр аймгийн эмнэлэгт гомдоод байна гэхэд хадам аав, ээж хоёр “Бидний тавилан ийм юм байгаа биз. Одоо хэл ам хийгээд яахав” гэсэн.

-Хүүхдүүд их нялх байна даа?

-Олон жил ханилна л гэж бид үр хүүхдээ гаргасан. Ингээд явчихна гэж даанч санасангүй. Энэ айлын хашаанд бид хоёр гэр бүл болоод бууж, арваад жил болжээ. Нутгийн айл болохоор арай ч хөөчхөж чадахгүй л байгаа байх. Саяхнаас хүүхэд нь зарж хашаагаа суллуулах талаар ярьсан. Хотод байдаг нэг дүү маань та хэдийг яаж ийгээд өөрийн гэсэн орох оронтой болгочих юмсан гэдэг. Өнөө маргаашдаа хүүхдийнхээ 100 мянгаар болгож л байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гээд өргөдөл материалаа өгчихсөн. Бага нь гурван нас хүрээдэхвэл зам дагуу хар бор ажил хийгээд болгоно доо.

Тэр ингэж л ярилаа. Хэдхэн хоногийн дараа зургаадугаар сарын 26-нд талийгаачийнх нь 49 хоног дуусна. Үүнээс хойш хэдхэн хоноод л сургууль, цэцэрлэг орох цаг болчихно. Хүний хашаанд жижигхэн монгол гэрт ч энэ айлын ээжтэйгээ, ханьтайгаа байхдаа аз жаргалтай өрх байсан. Харин одоо учраа мэдэхгүй бүлтгэсэн, ээжийгээ санаж эгшсэн хэдэн өрөвдмөөр жаалтай, эр ганц хүн л бүртэлзэх амьдрал болжээ.



Эхнэр нь нас барж 1-10 насны таван хүүхэдтэйгээ үлдсэн Г.Ганбат: Ханийнхаа 49 хоногийг дуусгаад айлын хашааг суллаж өгнө
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-06-12 00:49:37
    Duy: Ээ ямар өрөвдөлтэй юм бэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-06-11 12:39:34
    hmm: iimerhu archagu garudig bitgi nevtrulegt orulj bgach ******** chn ehneree zovoogod yasan olon huuhed gargadag guilgachin be. ******** chn hodoo bj hashaa zoogod bariach haa l bn gazar bgazde naana chn. mal ******** chn uur hurgechle.
Шинэ мэдээ