Хийн дэлбэрэлтэнд өртсөн барилгуудын дүгнэлтийг УОК- т танилцуулсны дараагаар шийдвэрүүд гарна

УОК-оос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас галд өртсөн барилгуудын дүгнэлтийн талаар мэдээлэл өгөв.

Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "УОК-оос тухайн дэлбэрэлтэд өртсөн барилгуудын төлөв байдлын дүгнэлтийг гаргах үүргийг БХБ-ын сайдад өгсөн.

Энэ дагуу тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, дөрвөн барилгад хийсэн дүгнэлтээ танилцуулсан юм. Эдгээр дүгнэлтийг албажуулан УОК-т ирүүлж байгаа.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалал, Зам, Тээврийн Хөгжил, Уул Уурхай, Хүнд Үйлдвэр зэрэг гурван яамны сайдын хамтарсан ажлын хэсэг "Дашваанжил" компанид хөдөлмөрийн аюулгүй байдалд шалгалт хийж, танилцуулсан.

Миний бие ахалсан ажлын хэсэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй газрын тосны агуулах, ШТС, тээврийн хэрэгслүүдэд хянал шалгалт хийж, дүгнэлтээ танилцуулсан билээ. Эдгээр дүгнэлтүүдийг УОК-т танилцуулж, дараагийн шийдвэрүүд гарна.

Хийн дэлбэрэлтийн шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагаас бидэнд өгсөн мэдээллээр мэргэжлийн байгууллагуудаас бүх дүгнэлтийг гаргасан байна. Хохирлын үнэлгээ зэрэг зүйлүүдийг нарийвчлан тодруулах зүйл бий гэсэн. Буруутай этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээр эцэслэн тогтооно" гэж мэдээллээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөн дэлбэрэлт үүссэн. Тус дэлбэрэлтэд ОБЕГ-ын гурван алба хаагч өртөж нас барсан бол 14 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Үүнээс дөрвөн иргэн шархаа даалгүй нас барсан юм. Мөн орон сууц шатаж олон айл өрх орох оронгүй болоод байгаа.

Найман өдрийн өмнө УОК-оос Дүнжингаравын уулзварт болсон осолтой холбогдуулан хийсэн шалгалтын дүнг танилцуулсан энэ үеэр дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байранд үүссэн хагарал нь газар хөдлөлтөд тэсэхгүй гэх дүгнэлт гарсан талаар дуулгасан. Мөн багана, дам нуруунд үүссэн ан цав өргөний хэмжээ нь барилгын норм дүнгээс тав дахин их гарсан. Энэ нь газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг даах боломжгүй юм.

Галд хамгийн ихээр өртсөн 207 дугаар барилга нь 12 давхар мөн зоорьтой. 2017 онд улсын комисс хүлээж авчээ. Тухайн барилгын гадна талын фасад нь 75 орчим хувь нь буюу баруун хойд булан зүүн тал нь бүхэлдээ шатсан. 10 айлын сууц бүхэлдээ, 45 айлын гал тогоо, унтлагны өрөө, ариун цэврийн өрөөнүүд хэсэгчлэн галд өртсөн байна.

 


Хийн дэлбэрэлтэнд өртсөн барилгуудын дүгнэлтийг УОК- т танилцуулсны дараагаар шийдвэрүүд гарна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ