Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлээр Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны наймдугаар сард эхлүүлж байв.
Тус байршилд барьж буй төмөр замын доогуурх нүхэн гарцын хаврын бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.
Энэ талаар Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн нэгжээс тодруулахад "Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 70 орчим хувьтай үргэлжилж байна. Газар чөлөөлөлт зэрэг явц дундын хүндрэл гарахгүй бол энэ онд ашиглалтад оруулах гэрээтэй.
Нүхэн гарцын бүтээн байгуулалтад барилгын ажлын үе шатаас хамаарч мэргэжлийн инженер, техникийн болон гар ажилчид гээд 200-300 хүн ажиллаж байна. Барилгын ажил ихтэй үед эдгээр тооны хүн ажилладаг бол ажил багасах үед хэлбэлзэж, цөөрнө. Одоогоор ямар нэгэн хүндрэл тулгараагүй байна" гэв.
Уг гарцыг барьчихвал замын хөдөлгөөний ачаалал буюу түгжрэл буурна гэж тооцоолжээ.
Судалгаанаас үзэхэд Таван шарын төмөр зам орчимд авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2:40 цаг хязгаарлагддаг байна. Өөрөөр хэлбэл төмөр зам болон авто зам нэг түвшинд огтлолцсонтой холбоотойгоор замын хөдөлгөөн саатдаг аж.
Одоо барьж байгаа нүхэн гарцын зорчих хэсэг дөрвөн эгнээтэй, борооны болон гадаргын ус зайлуулах байгууламж, таван метр өндөр учраас нийтийн тээвэр болон ачааны машин нэвтрэх бүрэн боломжтойг албаныхан мэдээлж байсан юм.
Төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК тендерт шалгарсан бөгөөд туслан гүйцэтгэгчээр Монголын компаниуд ажиллаж байгаа аж.
“Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК-ийн талбайн инженер Ли Шуа "Төмөр зам дээр агаарын шугамын бэхэлгээний ажил хийж байгаа бөгөөд нийт гурван багц дам нурууг бэхлэх юм.
D32 маркийн хөндлөн болон босоо дам нурууг ашиглаж, агаарын тоноглол, гүүрэн хэлбэрийн барилга байгууламж бий болгоно гэсэн үг. Үүнд 25 метрийн гүнтэй, 1.5 метрийн диаметртэй хүчитгэсэн бетон хийцлэл бүхий тулгуур багана байрлуулж байгаа" хэмээн ярьж байсан юм.
"Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 70 орчим хувьтай үргэлжилж байна" |
2025-05-16 15:38:55
2025-05-16 14:32:54
2025-05-16 13:11:06