Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Шанхай хотын нэгэн худалдааны төвийн урсдаг шатанд хавчуулагдаж, хүнд бэртсэн эмэгтэй эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар Хятадын төв телевиз Даваа гарагт мэдээлжээ.
Урсдаг шатны нэг гишгүүр нурснаас үүссэн завсарт нь эмэгтэйн биеийн доод хэсэг бүхэлдээ хавчуулагдсан байна.
Онцгой байдлын албаны ажилчид хагас цаг орчим хугацаанд ажилласны дараа эмэгтэйг гаргаж авчээ.
Хохирогч хоёр удаа хагалгаанд орсны дараа эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа, халдвар авсан тул хөлөө тайруулах эрсдэлтэй байгаа талаар эмэгтэйн нөхөр Лю өчигдөр телевизээр ярьсан байна.
Шанхай хотын захиргааны Зах Зээлийн Зохицуулалтын Газрын дэд дарга Сү Дyнжүнь дээрх худалдааны төвийн урсдаг шатны засвар үйлчилгээ, суурилуулалт нийлүүлэлтийг гүйцэтгэсэн бүх ажилчдыг шалгаж эхэлснээ мэдэгджээ.
Гарсан осолтой холбоотойгоор Шанхай хотын захиргаа 4,000 орчим урсдаг шат, урсдаг замын аюулгүй ажиллагааг шалгахад 100 гаруй техникийн гэмтэл илэрсэн тухай өчигдөр бас мэдээлсэн байна.
Урсдаг цахилгаан шаттай холбоотой ослын улмаас хүний амь нас эрсдэх, хүнд бэртэх тохиолдол сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хэд хэдэн удаа гараад байгаа.
2023 оны зургаадугаар сард Тайландын нийслэл Бангкок хотын нисэх буудалд нэг эмэгтэй урсдаг шатанд хавчуулагдсаны улмаас хөлөө тайруулж байв.
2019 онд Лондон хотын Уатерлоо өртөөний урсдаг шатыг засварлаж байсан инженер хавчуулагдан амиа алдсан юм.
Эх сурвалж: BBC
Шанхай хотод урсдаг шатанд хавчуулагдсан эмэгтэй хүнд бэртжээ |
2025-05-16 15:38:55
2025-05-16 14:32:54
2025-05-16 13:11:06