Бараг нэг жилийн турш гүйсэн Их Британийн иргэн Русс Күүк өчигдөр буюу Ням гарагт Африк тивийн хамгийн хойд цэгт барианд оржээ.
Тэрбээр Африк тивийн хамгийн урт шугамыг гүйж дуусгах мөрөөдлөө ийнхүү биелүүлсэн байна.
Күүк тус тивийн хамгийн өмнөд цэгээс хамгийн хойд цэг хүрэхдээ 353 хоног зарцуулж, 16 улсын нутаг дэвсгэрийг дамжин 16,000 гаруй километр урт зам туулжээ.
Түүнийг өчигдөр Тунис улсын Газрын дундад тэнгисийн эргийн нутагт дэмжигчид нь тоссон байна.
“Бага зэрэг ядарлаа” гэж 27 настай Күүк энэ үеэр хэлжээ.
Өмнөд Английн Вортинг хотын уугуул тэрбээр экстрим спортын тамирчин юм. Ширэнгэ ой, халуун цөлийг туулсан түүний замд дайн мөргөлдөөн, хулгай дээрэм, гэмтэл бэртэл, визийн асуудал зэрэг олон бэрхшээл тулгарч байжээ.
Сошиал ертөнцөд “Hardest Geezer” нэрээр танигдсан Күүк 2023 оны дөрөвдүгээр сарын 22-нд Өмнөд Африкийн Агуласын хошуунаас гүйлтээ эхэлсэн юм.
Тэрбээр анх гүйлтээ 240 хоногт дуусгахаар төлөвлөж байжээ. Энэ нь өдөр бүр марафоны стандартаар гүйх хэмжээ юм.
Күүк болон түүний багийнхан Анголын нутагт мөнгө, паспорт, тоног төхөөрөмжөө буу тулгуулан дээрэмдүүлжээ.
Алжирын нутагт визгүйн улмаас нэвтрэх боломжгүй болсон тэр гүйлтээ зогсоох шахсан байна. Гэхдээ Британийн элчин сайд тусалснаар гүйлтээ үргэлжлүүлэх боломжтой болж байжээ.
Үүнээс гадна нуруу нь өвдсөний улмаас Нижерт хэсэг хугацаанд гүйлтээ завсарлаж байсан гэнэ.
Күүк өмнө нь Туркийн Истанбул хотоос төрөлх Вортинг хот хүртэлх 3,000 км замыг 68 хоногт туулж байжээ.
Тэрбээр Африк тивийг хөндлөн туулахдаа “Running Charity” санд 690,000 фунт стерлингийн хандив цуглуулсан нь орон гэргүй залууст туслахад зориулагдах юм байна.
“Гэр бүлээсээ хол, найз бүсгүйтэйгээ уулзалгүй 352 хоног гүйхийн хэцүүг үгээр илэрхийлэх арга алга. Миний бие одоо маш их хөндүүр зовуурьтай байна. Гэхдээ нэг хоногийн дараа би ингэж гомдоллохоо болих байх” гэж Күүк барианд орсныхоо дараа хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: Associated Press
Британийн иргэн Африк тивийн нэг захаас нөгөө зах хүртэл гүйх мөрөөдлөө биелүүлжээ |
2025-05-19 11:20:39
2025-05-19 10:37:49
2025-05-19 09:38:22
2025-05-19 12:27:27
2025-05-19 11:20:39
2025-05-19 11:10:12
2025-05-19 10:46:52
2025-05-19 10:37:49
2025-05-19 10:24:42
2025-05-19 10:04:50
2025-05-19 09:38:22
2025-05-19 09:09:33