Баянголын аманд 2007 айлын орон cууц барина

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр Толгойт дэд төвийн Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын үйл явц, Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууцны төслийн ажлын явцтай танилцжээ.

Тус аманд 450 га газарт 75 мянган хүн оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийсэн бөгөөд дэд бүтэц нь 30 мянган хүн ам төвлөрөхөд зориулагдсан хүчин чадалтай юм. Иймээс Баянголын амын 10 га газарт 2007 айлын орон сууцыг Солонгосын “Эксим” банкны нэн хөнгөлөлттэй зээлээр төслийг хэрэгжүүлнэ. Энэ үеэр Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарласан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. 2025 он гэхэд 2007 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцүүлэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлнэ” гэв.Тэрбээр түүнчлэн Толгойт дэд төв болон Бизнес инкубатор төвийн ажлын явцтай танилцсан байна. Толгойт дэд төв нь Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34 болон 35 дугаар хороог хамарсан нийт 153.4 га газарт барилга байгууламж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Өнөөдрийн байдлаар тус дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 28.7 хувьтай байгаа бол Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалт 80 хувьтай явж байна. Тус Бизнес инкубатор төвийг тавдугаар сарын 31-нд ашиглалтад оруулна гэдгийг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд хэллээ.

Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээ авахаас гадна, мэдээлэл, холбооны технологийг ашиглан өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг  боломж бүрдэх ажээ. Түүнчлэн Толгойт дэд төвийн дэд бүтцийн ажлыг дуусахаар уг бүсэд 6000 айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг эхлүүлэхийг НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан онцлов.


Баянголын аманд 2007 айлын орон cууц барина
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ