Охиныхоо амийг нэхэж 19 жил тэмцсэн С.Шаарийбуу бие нь тааруу, ядруухан амьдарч байна

Шаарийбуугийн Алтантуяагийн 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Малайзад амиа алдсан. Орчуулагч эмэгтэйг хоёр этгээд буудан хөнөөж, цэргийн зориулалттай тэсрэх бөмбөг ашиглан цогцсыг нь дэлбэлсэн байдаг. Тодруулбал, тухайн үеийн Ерөнхий сайдын орлогч Нажиб Разак, түүний зөвлөх Абдул Разак Багинда нарыг холбоотой гэж үзсэн бөгөөд хэргийг тэдний захиалгаар цагдаагийн 2 албан хаагч гүйцэтгэсэн байна. 

Энэ цагаас хойш их сургуулийн багш С.Шаарийбуу охиныхоо амь насаа алдсан хэргийн үнэн мөнийг олох эрэлд гарсан. Бүтэн 19 жил тэр Малайз руу очих, буцах зардал, өмгөөлөгчийн хөлс, талийгаач охиныхоо үр хүүхдийг эмчлүүлэх хамгаалах гээд олон үүргийг ганцаараа үүрч, орон байраа зарж, тэтгэврийн зээлээ авсаар тэмцэж яваа хүн. Энэ хугацаанд тэрбээр ханиа алдаж, талийгаач охиноос нь үлдсэн бага зээгээ мөн л бурханы оронд "илгээсэн". Төрөлхийн бие муутай байсан хүүг нас бартал өвөө нь ээж нь бэлэг явууллаа хэмээн олон жил өөрөө бэлэг авч өгсөн тухайгаа ярьсан байдаг. Яг одоо С.Шаарийбуу дулаан орон байргүй, зуслан дээрээ хуучны даржин байшинд ядруухан амьдарч байгаа аж. Бас дахиад үнэний эрэлд гарахаар бэлдэж байгаа гэнэ.  

Сэтгүүлч С:Будрагчаа өнгөрсөн өдрүүдэд "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэрт ажиллаж байгаад амь насаа алдсан Филиппин эмэгтэйн ар гэртэй очиж уулзаж хийсэн нэвтрүүлгээ цацаж, улмаар Монголд авч ирсэн. 14 жилийн дараа уг хэргийг дахин сөхөхдөө ард түмний хандиваар үйл ажиллагаа өрнүүлсэн билээ. Монголчууд энэ үйл явдлаас улбаалан С.Шаарийбууд туслая гэсэн санаачилгыг гаргаад байгаа юм.  

Тэрбээр "Уучлаарай гэж хэлүүлэх гэж л 17 жил тэмцсэн. 3 хоногийн өмнө хэлүүлчихлээ. Мөн ч их хүлээсэн дээ. Би Малайз, Австрали, Монгол гээд олон орон, Хүний эрхийн олон байгууллагад нийтдээ 300 гаруй захидал бичсэн. 12 удаа Малайз улсад очсон" хэмээн хоёр жилийн өмнө хэвлэлийн хурал дээр хэлж байв. 

 


Охиныхоо амийг нэхэж 19 жил тэмцсэн С.Шаарийбуу бие нь тааруу, ядруухан амьдарч байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ