"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо

 “Говь” ХК-ийн ажилтан хахууль авч, эл хэргийг нь шүүхээр шийдвэрлэлээ.

Тодруулбал, тус компанийн Худалдан авалтын хэлтсийн менежерээр ажиллаж байсан Н.Ш албан тушаалаа ашиглан тендерийн мэдээллийг бусдад өгснийхөө хариуд 30 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан байна.

“Говь” ХК-иас үйлдвэрийн гал то­гоо­ны агааржуулалтын системийг шинэчлэхээр тендер зарлажээ. Гэтэл Н.Ш нь тендер сонгон шалгаруулах хо­­роонд багтаагүй атлаа зохион байгуулах, шалгаруулах тухай мэдээллийг Ш.С гэх хүнд өгсөн байна. Улмаар сонгон шалгаруулалтад Ш.С-ын байгуулсан, агааржуулалт салхивчны тоног төхөөрөмжийн худалдаа, барилгын засвар, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, автомашин угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Түшиглэн-Анар” ХХК ялжээ.  Үүний хариуд Н.Ш нь найзынхаа дансаар дамжуулан 10 орчим сая төгрөгийн хахууль авчээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчдийн шалгалтын явцад дээрх хоёр хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурортоо хэргээ хялбаршуулж шуур­хай шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Үүнийг нь Нийслэлийн про­куро­рын газрын хяналтын прокурор хүлээн аваад Н.Ш-д Эрүүгийн хуулийн 22.13-1-дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг со­нирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлджээ. Харин Ш.С-д мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн бусдад хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн юм.

Уг хэргийг тус шүүх хянан хэлэлцээд “Говь” ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн менежер Н.Ш-д 2.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасч,  “Түшиглэн-Анар” ХХК-ийн захирал Ш.С-ыг мөн ижил торгож, хахуульд өгч, авсан 10 сая төгрөгийг Төрийн сангийн дансанд тушаасныг улсын орлого болго­хоор шийдвэрлэлээ.


"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0