Хоригдлыг хугацаанаас нь өмнө суллана гэж хахууль аваад өөрөө хоригдол болжээ

Хорих ангийн ахлах төлөөлөгч А нь тус хорих ангийн “Арга зүйн зөвлөл”-ийн хуралдаанд санал өгөх эрхтэй гишүүний бөгөөд шүүгдэгч Б-г хугацааны өмнө тэнсэн суллахыг дэмжсэн санал өгнө гэж түүнээс 3,000,000 төгрөгийг хахуульд авч, улмаар “Арга зүйн зөвлөл”-ийн хуралд Б-ыг хугацаанаас өмнө суллахыг дэмжсэн санал өгсөн гэмт хэрэгт, харин Б нь хугацааны өмнө суллагдахаар Арга зүйн зөвлөлд санал өгөх эрхтэй А-д хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүхээс: Шүүгдэгч А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт2 заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт3 заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэжээ.

Давж заалдах шатны шүүхээс: “...Хахууль авах гэмт хэргийн шинж нь “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” үйлдэл байдаг. Гэтэл шүүгдэгч А нь хоригдол Б өөрийн эрх мэдлийн хүрээнд Арга зүйн зөвлөлийн хуралд дэмжих санал өгөх талаар харилцан тохиролцоогүй, хоригдлыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах эрх мэдэл бүхий албан тушаалтан биш, харин “албан тушаалын байдал” буюу албаны эрх нөлөөгөө ашиглан хоригдлын амьдрах бүсэд нэвтрэн прокурорын нэрийг барьж “нэг айлын хүргэн, баз, хувийн харилцаатай” мэтээр хуурч, 3,000,000 төгрөгийг авч, хувийн хэрэгцээнд зарцуулсан үйл баримт тогтоогдож байна” хэмээн үзэж Прокуророос А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, түүнийг албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А нь нийтийн албан тушаалтан буюу хорин ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хоригдол Б-ын ашиг сонирхлын үүднээс түүнтэй хувийн харилцаа тогтоож, хахууль авсан, шүүгдэгч Б нь хугацааны өмнө суллагдахаар буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан А-д хахууль өгсөн үйл баримт тогтоогдсон байна хэмээн үзэж Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.


Хоригдлыг хугацаанаас нь өмнө суллана гэж хахууль аваад өөрөө хоригдол болжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ