Барилгын компанийн гэрээг өөрт хохиролтойгоор шинэчлэхгүй, үндэслэлгүй нэхсэн мөнгийг өгөхгүй байх эрхтэй

Хуульч О.Билгүүн барилгын компаниуд захиалагчаа хохироодог нийтлэг кэйс дээр амжилттай ажиллаж, иргэнийг байрны эзэмшигчээр тогтоолгосон байна.  Тэрбээр энэ тохиолдлыг нийтэд хуваалцсаныг нийтэллээ.

Барилгын төсөл хэрэгжүүлэгч ТЛК ХХК /товчилсон нэрээр/ нь миний үйлчлүүлэгч /Вьетнам иргэн/-ийн 2021 онд захиалсан орон сууцыг 2023 онд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж, 2025 онд ашиглалтад орох дөхөхөд үндэслэлгүйгээр дахин их хэмжээний мөнгө нэхэн гэрээг шинэчилж, мөнгө өгөхгүй бол гэрээг цуцална хэмээн айлгаж эхэлсэн. Улмаар 2025 оны 7 сард гэрээнээс татгалзах тухай албан бичгийг захиалагчид өгч, 7 хоногийн дотор нэмж мөнгө өгөхгүй бол гэрээг дуусгаж, өөр хүнд байрыг зарна хэмээн мэдэгдсэн. Захиалагчийн хувьд анх гэрээ байгуулсан өдрөө төлбөр мөнгөө 100 хувь төлсөн байсан бөгөөд мэдээж өгсөн мөнгөө үнэгүйдүүлэхгүй, орон сууцаа авч үлдэхийн тулд өмгөөлөгчид хандсан.Бидний зүгээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хэтэрсэн хугацаанд ногдох алдангийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Барилгын компанид гэрээнээс татгалзах эрх хуулиар олгогдоогүй, татгалзсан нь үндэслэлгүй, захиалагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул өмчлөгч болох урьдчилсан нөхцөл бүрдсэн, харин одоо гүйцэтгэгч нь үүргээ биелүүлэх ёстой хэмээн маргасан.

БЗ, СБ, ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх-ээс бидний нэхэмжлэлийг үндэслэлтэй хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ. 

Зөвлөгөө:

Иргэд, захиалагчдийн зүгээс энэ мэтчилэн барилгын компанийн хууль бус, дур зоргын дарамт, шахалтыг үл тэвчиж, өөрт хохиролтой байдлаар гэрээг шинэчлэхгүй, үндэслэлгүй нэхсэн мөнгийг өгөхгүй байх, шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.

Жич: Энэхүү хэрэг нь үүссэнээсээ хойш 5 сарын дотор анхан шатны журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд шүүхийн ачаалалтай нөхцөл байдалд харьцангуй хурдан шийдвэрлэгдсэн цөөн тохиолдлын нэг болж байна.


Барилгын компанийн гэрээг өөрт хохиролтойгоор шинэчлэхгүй, үндэслэлгүй нэхсэн мөнгийг өгөхгүй байх эрхтэй
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ