Хотхоныхоо үүдэнд хальтирч унаж бэртээд, СӨХ-өөсөө ₮3,1 саяыг нэхэмжилжээ

Иргэн Х.Хандаа шүүхэд хандаж гадаа цас орж халтиргаа гулгаа үүссэн байхад орчны талбайн цас, мөсөө цэвэрлээгүйн улмаас хотхоны манаачийн байрны хажууд унаж бэртэн яс хугарч гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн босож чадахгүй хэвтэрт орсон. Гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хагалгааны зардал гарсан, миний охин намайг асарч эм тариа авч байсан тул эм тарианы мөнгө, асарч сувилсан зардал нийт 3,185,909.00 төгрөгийг Сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулна гэж нэхэмжлэл гаргажээ. Сууц өмчлөгчдийн холбоо нь иргэн Х.Хандаа нь хотхоны орох гарах гарцаас гарч, явган хүний замын боржур дээр халтирч унасан, Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрын цасыг цэвэрлэсэн байсан, цаг уурын нөхцөл байдлын хувьд цас тасралтгүй орж газар мөстөх боломжгүй байсан учир хохирлыг хариуцахгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Шүүхээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “орчны газар" гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг хэлнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн унасан гэх газар нь Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн нутаг дэвсгэр буюу орчны газарт хамаарахаар байна гэж үзсэн.

Мөн Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12-д дүүргийн Засаг дарга нь “нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох”-оор заасан байх бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь “энэ хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх” үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрын болон 50 метр хүртэлх газрын цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй гэж хуульд заасан байхад орчны газрын цас мөсийг цэвэрлээгүйгээс нэхэмжлэгч нь унаж бэртсэн байх тул хариуцагч буюу Сууц өмчлөгчдийн холбоо нь хохирлыг хариуцах үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч Х.Хандаагийн халтирч унасан 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 42 минутаас 15 цаг 42 минут хүртэл хугацаанд цас үргэлжлэн орж байсан болох нь хэрэгт авагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06/143 дугаартай албан бичгийн хавсралтад тусгагдсан Улаанбаатар хотын Улаанбаатар өртөөний цаг агаарын мэдээгээр тогтоогджээ.

Иймээс Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрын цас, мөсийг цэвэрлээгүйгээс иргэн Х.Хандаа нь халтирч унах нөхцөл бүрдсэн боловч үргэлжлэн орж байгаа цасыг цэвэрлээгүй гэж хариуцагчийг шууд буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн халтирч унасан нөхцөл байдалд өөрийнх нь анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байх тул хариуцагч Сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжлэгчийн хагалгааны зардал 1,671,000.00 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Харин Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Хуульд заасан зайлшгүй зардалд нэхэмжлэгчийн өдөр тутмын хоол хүнс болон ахуйн хэрэглээндээ худалдаж авсан хүнсний болон ахуйн барааны зүйлүүд хамаарахгүй. Мөн өөрийн хэрэгцээнд буюу бусад эмчилгээнд авсан баримтууд нь нэхэмжлэгч Х.Хандаагийн халтирч унаж гэмтсэнтэй холбогдон гарсан эмчилгээний зайлшгүй зардалд хамааралтай гэдэг нь баримтаар нотлогдоогүй тул шүүх нэхэмжлэлээс үлдэх 1,514,909.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.


Хотхоныхоо үүдэнд хальтирч унаж бэртээд, СӨХ-өөсөө ₮3,1 саяыг нэхэмжилжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ