"Starex" машиныг тоноглож, адуу буудаж хулгайлдаг бүлэг этгээд баригдлаа

Төв аймгийн эрүүгийн ажилтнууд гурван сар гаруй тагнан турших, гүйцэтгэх үйл ажиллагаа явуулсны үр дүнд малын бүлэг хулгайчдыг илрүүлжээ. Эдгээр хулгайчдын хувьд нэгдсэн зохион байгуулалтанд орсон, толгойлогч, гүйцэтгэгч, буудагч, шулагч, ченжээс бүрдэнэ. Одоогийн байдлаар малын бүлэг хулгайчдыг 12 удаагийн үйлдлээр 40 гаруй адуу хулгайлсан хэрэг нь тогтоогдоод байгаа. Энэхүү бүлгийн толгойлогч нь Төв аймгийн Баянчандмань сумын харъяат “Ногоон” Бадамжав гэгч 45 настай эр байдаг бөгөөд урд өмнө малын хулгайн хэргээр удаа дараа ял шийтгэл эдэлж байсан нэгэн. Тэд адууг бэлчээр дээрээс нь онилон буудаж унагаад тусгай тоноглосон машиндаа яах ийхийн зуургүй ачаад явдаг байсан гэнэ.

Хэргийн газарт зөвхөн цус, машины мөр үлддэг болохоор малаа алдсан малчид яахаа мэдэхгүй сандраад л хоцорно. “Ногоон” Бадамжаваар толгойлуулсан малын хулгайчид өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Төв, Сэлэнгэ, Хэнтий, СХД-ийн нутаг дэвсгэрт удаа дараагийн үйлдлээр үхэр, адуу буудан, хулгайлж байснаа хүлээжээ. Аймгийн эрүүгийн ажилтнууд хэргийн газарт нарийвчилсан шалгалт явуулахад бэлчээрт байгаа сувай гүү, тарган адуу газрын гаваар оров уу гэлтэй алга болж байлаа. Гэрчүүдийн ярьж буйгаар микро автобус харсан, буу дуугарахыг сонссоноос цаашгүй. Ихэвчлэн шөнийн цагаар хэрэг үйлдэгдэж байсан болохоор туулах чадвар сайтай, уул хад, их цасанд ч торолгүй явдаг машины ул мөр л баримт болон үлдэнэ. Хэргийн үзүүрийг цааш хөөвөл бүлэг этгээд үгсэн тохирч, зохион байгуулалттай адуу буудан хулгайлж байгаа нь тодорхой болов. Байсхийгээд л энд тэнд адуу, үхэр буудаж унагачихаад хулгайлж байгаа тухай малчид цагдаа нарт гомдол мэдүүлнэ.

Ингээд аймгийн цагдаа нар гүйцэтгэх ажлын шугамаар Төв аймгийн Баянчандмань суманд тоноглосон микро явж байхыг анзаарчээ. Сэжиг бүхий этгээдүүдийг аймгийн өвч зэвсэглэсэн цагдаагийн бие бүрэлдэхүүн мөр алдалгүй дагасан аж. Тэд Баянчандмань сумын нутгаас иргэн А-гийн адуун сүргээс хоёр бага адуу буудан ачих гэж байгаад үйлдэл дээрээ баригдах нь энэ. Төв аймгийн харъяат Бадамжав, Ганболд, Отгонсүх нар нь “Тоз-8” маркийн бууныхаа урд хэсэгт лазерын гэрэл суурилуулсан байжээ.

Тэд өдрөөр Улаанбаатар хотын ойролцоох Төв, Сэлэнгэ, СХД-ийн нутгаар явж айлуудын адуу хаагуур бэлчээрлэж байгааг судалдаг байсан гэнэ. Хулгайч нар ойр хавьд нь айл байхгүй, хүний хөлөөс зайдуу газар бэлчээрлэж байгаа адуун сүргээс хулгай хийхээр бэлтгэдэг байна. Ингээд орой болж бүрий буусан үед адуун сүргийг хэдэн талаас нь шахаж бөөгнүүлнэ. Тоноглосон машины холын гэрлээ тусгаж байгаад хамгийн тарган адууг буудан унагадаг байснаа мэдүүлжээ. Сэжигтэн Ганболд “Адууны толгойн хэсэгт нь онилж байгаад буудахаар ганцхан ухасхийгээд газарт ойчдог. Машиныхаа хойд хаалгыг онгойлгож байгаад гурав нь хойноос нь өргөж өгөөд, хажуу талын гүйдэг хаалгаар урагш нь татаж оруулаад давхичихдаг. Замдаа хулгайлсан адууныхаа гэдсийг гаргаж, ширнээс нь салгаж амждаг. Гэдэс гаргах, ширнээс нь өвчихийг Отгоо хариуцдаг байсан. Хотод очоод таньдаг махны ченжүүддээ хямдхан зардаг. Хэдэн өдрийн дараа эргээд энэ ажлаа хийдэг байсан” хэмээн мэдүүлжээ.

Тэдний хөлд дүүжлэх унаа нь “Starex” маркийн автомашин байв. Уг машиныг жилийн өмнө “Да хүрээ” захаас худалдан авч, “Вьетнам” засварын газраар адуу хулгайлах зориулалттай тоноглуулахаа ч тэд мартсангүй. Тэнхлэг нь эвдэрч гэмтэхээс сэргийлж, машинаа тоноглож, төмөр багана хүртэл байршуулсан байна. Ийм машин ямар ч бартаа саадыг торолгүй даваад явчихдаг аж. Машины мөрийг нь дагаад явахаар УАЗ-469, пургон машин ч явж чадахааргүй хад чулуу, бартаатай газраар шууд явчихсан байдаг. Гэмт хэрэгтнүүд хэргийн газраас холгүйхэн жалганд адууны гэдсийг хаячихсан ул мөр олдож байсан нь ийм учиртай аж.

“Ногоон” Бадамжаваар толгойлуулсан малын бүлэг хулгайчид “Хүчит шонхор” хүнсний захын махны ченж Батаа, Мөөгий нарт хулгайлсан адууны мах зарж байснаа хүлээв. Ченжүүд шөнө орой гэлтгүй, гарал үүсэл зэрэг шаардлагатай бичиг баримтыг огт шалгалгүйгээр махыг нь худалдан авдаг байлаа. Тиймээс махны ченжүүд ч мөн ялгаагүй хэрэгтний ширээнд сууна. Энэ тухай Төв аймгийн цагдаагийн хэлтсийн “Малын хулгайтай тэмцэх” хэсгийн дарга хошууч Н.Доржбалжид ярихдаа “Малчид малаа байнгын хариуцлагатай байлгах хэрэгтэй. Ялангуяа урд хөлийн адуугаа хэд хоногоор эргэхгүй байгаагаас болж малын хулгайчдад олз болгож байна” гэв. Эцэст нь өгүүлэхэд буянт мал, тэр дундаа эрийн хийморь сэргээсэн молор эрдэнийхээ толгой руу халуун зэвсэг агсдаг бүлэг этгээдүүдэд хуулийн хатуу хариуцлага ноогдуулах учиртай. Монгол хүн буянт мал руугаа буу шагайж байхад харийн хужаанууд араатан шиг авирлах нь ойлгомжтой. Иймээс “Ногоон” Бадамжаваар толгойлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй эрүүгийн хэрэг нийгэмд шуугиан дэгдээх нь дамжиггүй.

 


"Starex" машиныг тоноглож, адуу буудаж хулгайлдаг бүлэг этгээд баригдлаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0