Илон Маск Wikipedia-тай өрсөлдөх “Grokipedia” цахим толь бичгийг танилцууллаа

Илон Маскийн удирддаг xAI компани Wikipedia-гийн шинэ өрсөлдөгч болох “Grokipedia” нэртэй цахим толь бичгийг танилцуулжээ. Энэ нь Маскийн бүтээсэн “Grok” хиймэл оюун ухааны загвар дээр суурилсан бөгөөд мэдээллийг хүний оролцоогүйгээр, AI-аар боловсруулдаг гэдгээрээ онцлог юм.

Шинэ платформыг Wikipedia-гийн “олон нийтийн хамтын ажиллагаанд тулгуурладаг” загвараас ялгаатайгаар AI бүрэн хариуцан боловсруулдаг. Хэрэглэгчид нийтлэлд шууд засвар хийх боломжгүй ч алдаа, зөрүүгийн талаар санал өгөх боломжтой гэнэ.

Grokipedia-д эхний байдлаар 885 мянга орчим нийтлэл байгааг xAI мэдээлсэн бөгөөд Wikipedia-гийн 7 сая гаруй нийтлэлтэй харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм. Маск энэхүү төслийн зорилгыг “үнэн, бүхэл үнэн, зөвхөн үнэн”-ийг түгээх гэж тодорхойлжээ.

Гэвч Grokipedia гарсны дараа шүүмжлэл дагалдаж байна. Зарим эх сурвалж тус платформд Wikipedia-гийн ижил текстүүдийг хуулбарлан ашигласан байж болзошгүйг онцолсон бол бусад нь мэдээллийн найдвартай байдал, хөндлөнгийн хяналт сул байгаа талаар анхааруулжээ.

Мөн The Verge, Wired зэрэг хэвлэлүүд Grokipedia зарим сэдвээр, ялангуяа улс төр ба нийгмийн чиглэлд “Маскийн үзэл бодолд нийцсэн” өнгө аястай байж болзошгүй гэж дүгнэсэн байна.

Одоогоор Grokipedia нь туршилтын v0.1 хувилбар бөгөөд хэрэглэгчдэд мэдээлэл унших боломжтой ч, нийтлэл засах, шинэчлэх эрх нээлттэй биш байгаа аж.

“Мэдээллийн орон зайд хэн үнэнийг хэлж байна вэ, хэн мэдээллийг хянаж байна вэ?” гэсэн асуулт дахин хөндөгдөж буй энэ үед Grokipedia-ийн нээлт дэлхий дахинд анхаарал татаж байна.


Илон Маск Wikipedia-тай өрсөлдөх “Grokipedia” цахим толь бичгийг танилцууллаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ