Чингэлтэйчүүд өнтэй өвөлжинө

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл, өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт шилжүүлэх Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 3 дугаар сарын 19-ны өдөр батлагдсан А/133 дугаар тогтоол хэрэгжиж эхэллээ. Тогтоолыг тодруулбал, нийслэлийн хэмжээнд шахмал түлш хэрэглэж буй 170 мянган өрхөөс 32-50 мянган өрхийг хийн түлшинд болон цахилгаанд шилжүүлэхээр төлөвлөж, дулаан алдалтаа бууруулж, шаардлага хангасан өрхүүдэд хийгээр ажилладаг халаагуурын төхөөрөмжийг нэг удаа, үнэ төлбөргүйгээр суурилуулах юм. Энэхүү төхөөрөмж нь дүүргийн өмчид бүртгэлтэй байх бөгөөд хийн төхөөрөмж суурилуулсан айлуудад галлагааны улиралд нийт 900 мянган төгрөгийн үнийн хэрэглээний урамшуулал олгоно. Улаанбаатар хотын салхины урсгал хойноосоо байдаг. Тийм учир Гандан, Зурагт, Дэнжийн мянга орчмын байршлыг сонгосон. Уг ажлын эхлэл 5000 өрхийг B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, 10 см зузаантай XPS хөөсөөр байшинг, дээврийн хөндийг эрдэст хөвөнгөөр дулаалах, гэртэй айлуудад дулаалгын багц олгож  цаашид хийн түлш рүү шилжүүлэх ажил нийслэл хотноо өрнөж байна.

Эндээс онцлоход, Чингэлтэй дүүрэгт нийт 2077 айлыг дулаалахаар төлөвлөж, ойрын өдрүүдэд айл өрхүүдтэй хамтран сууцаа галд тэсвэртэй хөөсөнцрөөр дулаалах, яндангаа буулгах, халаалтын ногоон шийдэлд шилжих зэрэг цогц ажлуудыг хэрэгжүүлж эхэллээ. Бид дулаалгын ажил хийсэн, хийгдэж буй байшинтай айлуудад очиж дараах мэдээллийг бэлтгэлээ.

 Дулаалгын ажлыг гүйцэтгэж буй “Дөл болд” ХХК-ийн захирал М.Мөнгөншагай “Манайх гадна фасад болон дээврийн ажил хийж гүйцэтгэдэг арваад жилийн туршлагатай компани. Эдгээр айлыг дулаалахад B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, 10 см зузаантай XPS хөөсийг ашиглаж байна. Уг төсөлд хамрагдсанаар дулаан алдагдал 80% буурна, үүнийг дагаад түлш болон цахилгааны зардал буурах давуу талтай. Манай компанийн зүгээс нэг айлын дулаалга дээр гурван ажилтан, 1-2 өдөр ажиллаж байгаа. Гэр хорооллын байшингуудын ихэнх нь дээр үеийн хийцлэлтэй учир дулаан алдагдал бүр өндөр байгаа. ЧД-ээс ийм сайхан ажлыг зохион байгуулаад гүйцэтгээд өгч байгаа юм чинь манай иргэд өөрсдөө үүнийг дэмжээд гаднах өнгөлгөө өөрсдөө яаралтай хийх хэрэгтэй. Мөн компанийн баг дулаалах гээд ирэхээр айлууд маань барилгын ажил явагдах талбай орчноо сайн бэлдээгүй, чөлөөлөөгүй байна. Цаашид үүнийг анхаарах хэрэгтэй.

 

Чингэлтэй дүүрэг 10-р хорооны иргэн Г.Дамдин “Дүүргээс зохион байгуулж байгаа энэ дулаалгын ажил надад үнэхээр таатай санагдаж байгаа. Учир нь бид залуу гэр бүл орон сууц гэхээсээ илүүтэй гэр хороололдоо хашаа байшиндаа илүү амьдрах зорилготой. Тэгээд ноднин өөрөө байшингаа дулаалах гэж үзсэн ч мэдлэг дутуугаас болоод сайн дулаалж чадаагүй. Энэ жил дүүргээс ингээд маш чанартай хөөсөөр мэргэжлийн хүмүүс ирээд дулаалж өгч байгаад маш их баяртай байгаа. Миний хувьд улсаас үнэ төлбөргүй сайхан дулаалаад өгч байхад иргэд өөрсдөө урамшаад энэ ажлыг дэмжээд өөрсдөө өнгөлгөөгөө гялс сайн хийчих хэрэгтэй гэж бодож байгаа. Үүний цаана утааг бууруулах зорилго явж байгаа учраас иргэд бид идэвхтэй байх хэрэгтэй болов уу. Бас иргэд бидний өөрсдийн барьсан байшин ямар ч сайн халаалттай байсан дулаан алдагдалтай байдаг юм байна. Тэгээд өөрсдөө дулаалахаар бас буруу хийчихдэг. Тийм учраас энэ ажлыг бүгдээрээ урамшаад дэмжих л ёстой”.

Чингэлтэй дүүрэг 13-р хорооны оршин суугч Б.Батжаргал “ Манайх чинь энэ хаяг дээрээ суугаад 50 жил болж байна.  Байшингаа барьцгаагаад жилийн жилд сайжруулаад явж байгаа ч мэргэжлийн хүмүүсийн хажууд бол болоогүй л байдаг юм байна. Энэ жил улсаас дулаалгын аян явагдаад манай энэ хавийн байшингуудын гадна талыг хөөсөөр дулаалж байна. Сайн хөөс, тэгээд мэргэжлийн хүмүүсийг нь төр засгаас зохион байгуулаад өгсөн. Өнгөлгөө ажлыг нь бид нар өөрсдөө аль бололцоотой юмаараа хийгээд өнгөлөг сайхан байшинтай болцгоохыг хичээж байна. Дулаалгыг бүр үнэхээр хангалттай доошоогоо хундаамыг нь хүртэл дулаалаад өгч байгаа учраас энэ өвөл их сайхан тохьтой өвөлжинө гэсэн хүлээлттэй байна.  Гэр хороололд чинь голдуу настай хүмүүс л бууриа сахицгаагаад үлдсэн. Тэтгэврээс өөр орлогогүй бид нарт маш том хөрөнгө оруулалт боллоо”.

Иргэд дулаалгын ажилд ам сайтай, сэтгэл хангалуун байхын зэрэгцээ иргэдийн оролцоо, идэвх санаачилга ч чухал үүрэгтэйг ойлгожээ. Гүйцэтгэгч барилгын компани бидэнд дулаалгын хөөсийг гал дэмждэггүй гэдгийг баталж газаар түлж үзүүлсэн юм. Ямартай ч он удаан жил иргэд өөрсдөө л дулаалуулж, уламжлалт пийшинг нүүрсээр галлан өвөлжиж ирсэн гэр хорооллын байшингуудад ийнхүү мэргэжлийн баг хүрч үйлчилж, дулаалж эхэллээ. Нэмж дурьдахад, үнэ төлбөргүйгээр шүү. 

Ташрамд дурьдахад тус дүүрэгт цаашид, 

  • ЧД ЗДТГ, Голомт банк, “Эко Сквер Энержи” ХХК нар гурвалсан гэрээ байгуулж, уламжлалт зуухыг эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмжөөр солихоор болов.
  • “Эм Жи Ай Эм” ХХК-тай хамтран хийн зуухны аюулгүй ажиллагааны зөвлөгөө өгөх, ашиглалтын хяналт хийх ажлыг эхлүүллээ.
  • Ногоон технологи, инновацын зөвлөлтэй хамтран монгол гэр, амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй сууц нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.
  • “Гэрэлт Мари Мэй” ХХК-тай хамтран өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй дулаан нөөцлүүр нийлүүлэхээр боллоо.
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 1000 гаруй дулаалгын ЧИП багцыг гэр хорооллын айлуудад тарааж эхэлсэн бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран нарны эрчим хүчинд суурилсан дулаалгын системийг эхний 100 айлд суурилуулж, цаашид тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
  • Eco2, WarmMax зэрэг байгальд ээлтэй технологи нийлүүлэгч ААН-үүдтэй хамтран ажиллаж байна.

Судалгаагаар зөв дулаалга хийснээр түлшний хэрэглээг 60–70% бууруулах боломжтой нь тогтоогдсон бөгөөд өөрсдөө дулаалгаа хийсэн 300 гаруй айл өрхөд агаар-агаарын дулааны насос суурилуулж эхэлжээ. Эдгээр насос нь уламжлалт цахилгаан халаагуураас 3.6–3.8 дахин бага цахилгаан зарцуулдаг, урсгал зардал бага, хэмнэлттэй шийдэл юм.

 


Чингэлтэйчүүд өнтэй өвөлжинө
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ