Нөхрийн нэхэмжлэл шаардлага хангаагүй тул талийгаач эхнэрийнх нь тэтгэврийн 20 хувийг өгөхөөс татгалзжээ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.05.08-ны өдрийн 128/ШШ2025/0328 дугаар шийдвэр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэрийн тойм-2025.05.26

 Иргэн У-ээс “эхнэртэйгээ 1989 онд гэр бүл болж, 35 жил хамт амьдарч, эхнэр маань 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нас барсан тул түүний авч байсан өндөр насны тэтгэврээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан тэтгэврийн нэмэгдлийн 20 хувийг авах” өргөдөл гаргахад Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс “У-д 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүссэн тул “тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх” гэдэг шаардлагыг хангахгүй” хэмээн татгалзсан.

Иргэн У дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг гэр бүлийн гишүүн У-д олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг буюу 359,501 төгрөгийг У-д олгохыг даалгах” нэхэмжлэл гаргаж маргасан.

 Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ”, 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна”, 9.3-т “Энэ хуулийн 9.2-т заасан тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно” гэж зааснаас үзвэл “тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа өндөр насны тэтгэврээ тогтоолгон, Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авдаг нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр авч байсан нас барагчийн тэтгэврийн 20 хувийг түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгохоор байна” гэж дүгнэн нэхэмжлэгч У-ийн хувьд өөрийн /нас барсан/ эхнэрийн адил өндөр насны тэтгэвэр тогтоолгон, нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаагүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тусгай зохицуулалтад хамрагдах боломжгүй гэж үзэн түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/18596?daterange=2025-01-01%20-%202025-05-26&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар


Нөхрийн нэхэмжлэл шаардлага хангаагүй тул талийгаач эхнэрийнх нь тэтгэврийн 20 хувийг өгөхөөс татгалзжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ