Ж.Хатанбаатарыг баримт устгах, бусдад нөлөөлөх үйлдлүүд тогтоогдож, саатуулсан

Нийслэлийн прокурорын газраас сэжигтэн Ж.Х, О.Г, Б.Б, Д.Э, Б.Б нарыг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 21 цаг 30 минутанд сэжигтнээр баривчлах саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4, 1.5 дахь заалтад зааснаар “Сэжигтнээр баривчлуулах”-аар тус шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “мөрдөгч, прокурор, шүүгч, хохирогч, гэрч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнийг дарамтлах, сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах үндэслэл байгаа бол”,

1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэх,

1.5 дахь заалтад “нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол сэжигтнийг баривчилна.” гэж хуульчилсан.

Шүүхэд ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалтай танилцахад:

Нийслэлийн Прокурорын газраас Ж.Х, О.Г, Б.Б, Д.Э, Б.Б нарыг Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгасан байх бөгөөд шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн “Сэжигтнийг баривчлах” зөвшөөрөл олгохдоо “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, ...хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлсөн” гэх үйл баримтууд тогтоогдсон гэж үзэн шүүх сэжигтнийг баривчлах прокурорын саналыг тус тус хүлээн авч, хангаж шийдвэрлэлээ.

Уг сэжигтнүүдэд авсан Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулсан хугацаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 48 цагаас хэтэрч болохгүй бөгөөд Ж.Х, О.Г, Б.Б, Д.Э, Б.Б нарыг 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 09 цаг 00 минутаас сэжигтнээр баривчилсан болно.


Ж.Хатанбаатарыг баримт устгах, бусдад нөлөөлөх үйлдлүүд тогтоогдож, саатуулсан
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ