Шинэхэн Хөдөлмөрийн баатар Р.Бат-Эрдэнэ 27 жилд 15,500 цагийн нислэгийг амжилттай гүйцэтгэжээ

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн нисгэгч Рословын Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ Монгол Улсын анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг жолоодох арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшиж, шинэ техник, технологи нэвтрүүлэх, залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэн сургах, салбарын хүний нөөцийг бэлтгэн бэхжүүлэх, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэн хангах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Гавьяат нисгэгч, багш Рословын Бат-Эрдэнэ нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарт олон жилийн туршид үнэтэй хувь нэмэр оруулсан туршлагатай нисгэгч юм. Түүний хувьд 1986 оноос эхлэн тасралтгүй 27 жилийн турш нисгэгчээр ажиллаж, нийт 15,500 цагийн нислэгийг ямар нэгэн зөрчилгүйгээр гүйцэтгэсэн байна. Р.Бат-Эрдэнэ нь Ан-24, Ан-26, Ту-154, Боинг 727-200, Эйрбас 310-300, Боинг 737-800, Боинг 767-300 зэрэг олон төрлийн агаарын хөлөг дээр нисгэгч, багш, шалгагчийн үүрэг гүйцэтгэж байсан.

Тэрбээр багш, шалгагч нисгэгчийн хувьд 5,271 цагийн нислэг хийж, 100 гаруй шавь бэлтгэсэн бөгөөд эдгээр шавь нар нь МИАТ ХК болон бусад авиа компанид амжилттай ажиллаж байна. Түүний олон жилийн туршлага, мэдлэг, ур чадвар нь Монголын иргэний нисэхийн салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд энэ нь түүнийг Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан шалтгаануудын нэг юм.


Шинэхэн Хөдөлмөрийн баатар Р.Бат-Эрдэнэ 27 жилд 15,500 цагийн нислэгийг амжилттай гүйцэтгэжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ