Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/-ийн ерөнхий захирал, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ж.Отгонбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. Тэрбээр 2024 оны 11 дүгээр сараас ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.
-Таныг ЭХЭМҮТ-д асрагч, лифтчингээс эхэлж ажиллаж захирал болсон гэж сонссон. Ажлын түүхээс тань эхэлж асуумаар байна?
-1989 онд ЭХЭМҮТ-өөс ажил амьдралынхаа гараагаа эхэлсэн. Ингэхэд сая та бүхний сууж дээшээ гарч ирсэн лифтийг ажиллуулдаг лифтчинээр анх ажилд орсон. Дараа нь төрөх өрөөний асрагч, хагалгааны өрөөний асрагч, ариутгагч зэрэг ажлыг зургаан жил хийгээд 1995-2001 он хүртэл АУИС-д суралцаж, хүний их эмчийн мэргэжлийг эзэмшсэн. 2001-2003 онд ЭНЭШТ-д Эх барих,эмэгтэйчүүдийн нарийн мэргэжил эзэмшиж энэ төвдөө 28 дахь жилдээ ажиллаж байна. 2024 онд 11 дүгээр сард ЭМ-ын сайдын тушаалаар ерөнхий захирал болсон.
-Сүүлийн өдрүүдэд танай байгууллагатай холбоотой сөрөг мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бус сошиал орчинд түгж байна. Тэгэхээр энэ талаар та ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөх болов уу.
-Миний бие Эрүүл мэндийн сайдын тушаалаар уг албан тушаалд томилогдон ажлаа аваад 6 сар болж байна. Мэдээж хэрэг 28 жил энэ байгууллагадаа тасралтгүй ажилласан эмч болохоор нийт хамт олон баяртай хүлээж авсан. Анх ажлыг авахад манай байгууллагын санхүүгийн нөхцөл байдал нэлээд хүнд 10 тэрбум төгрөгийн өртэй, хүний нөөцийн бодлого алдагдсан 400 гаруй сувилагч байхаас 120-130 орон тоо дутуу, гүйцэтгэлийн санхүүжилтээр сардаа 300-500 сая төгрөг эрүүл мэндийн даатгалд алддаг гэх мэт хүндрэлтэй нөхцөлд байсан. Ингээд ажил хүлээн авснаасаа хойш төлөвлөгөө гаргаж, багаа бүрдүүлээд ажилласаар би биш бид өнгөрсөн жилийн 10 тэрбум төгрөгийн өрийн 8 тэрбумыг төлж, сардаа алддаг 300-500 сая төгрөгийг зогсоож, анагаах ухааны сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж 80 сувилагчтай гэрээ байгуулан хүний нөөцөө бүрдүүлэхээр ажиллаж байна. Манай төвийнхөн маш завгүй ажиллаж байх зуур харлуулах гэсэн, хамт олны уур амьсгалыг эвдэх гэсэн мэр сэр асуудлууд гарч байна л даа. Мэдээж хэрэг та бүхэн энэ баримт нотолгоогүй зохион байгуулалттай зүйлсийг тодруулахаар хариу авах зорилготой ирсэн байх гэж бодлоо.
ЭХЭМҮТ жил болгон эмч, сувилагч нараа чадавхжуулах зорилгоор сэлгэн ажиллуулдаг. Намайг томилогдохоос өмнө хорь гаран жил мөрдөгдөж уламжлал болсон ажил юм. Тэгэхээр энэ жилийн хувьд сэлгэн ажиллуулах процесс дээр 3-4 хүн сэтгэл ханамж дундуур байгаа учраас ийм асуудлууд үүсгээд байгаа юм. Би энд нэг хоёр хүний төлөө бус нийт хамт олны эрх ашгийн төлөө л ажиллана. Би жишээлбэл энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө яаралтай тусламжийн тасагт 1 жил ,дутуу төрөлтийн тасагт 1 жил,төрсний дараах тасагт 1 жил хуваарилагдан ямарч хэл ам хийгээгүй ажиллаж ирсэн.Над шиг л байх хэрэгтэй ш дээ. Хуваарилсан тасаг дээр эмч ажиллах үүрэгтэй. Энд хувь хүний эрх ашиг нь алдагдсан учраас энэ ажлыг маань халаа, солио мэтээр буруу ойлголт өгөөд байна. Би нэг ч хүн ажлаас халаагүй, эх барих эмэгтэйчүүд арван тасагтай эдгээртээ жил бүр солигдоод л явна. Дараа жил ч энэ процесс дахиад л явагдана.
MRI, СТ аппарат эвдэрсэн гээд бичээд байгаа. Аливаа тоног төхөөрөмж эвдэрдэг, засч шинэчлээд явдаг. Энэ бол хаана ч байдаг асуудал юм.
-Ер нь тоног төхөөрөмжийн хүчин чадал хэр вэ?
-Эх хүүхдийн салбарт Засгийн газар, ЭМЯ анхаарлаа маш сайн хандуулдаг. Тийм учраас бид оны төгсгөлд эрүүл мэндийн яаманд шаардлагатай тоног төхөөрөмжийн захиалгаа илгээж шийдүүлдэг уламжлалтай. Өнөөдөр яаралтай дутагдсан тоног төхөөрөмж одоогоор байхгүй. Харин шинэ технологиудыг нутагшуулахын тулд тоног төхөөрөмжүүд үе шаттай ирж байна.
-Христэд итгэгч эмч нар мэс засал хийсэн гэсэн мэдээлэл бас байна?
-Энэ бол ямар ч боломжгүй зүйл. Гадаадын орнуудаас эмч сувилагч ирж ажиллахаар бол нэг сарын өмнө эрүүл мэндийн хөгжлийн төв , ЭМЯ-нд хүсэлт өгч, мэс засал, мэс ажилбарт орж болох лиценц олгосны үндсэн дээр ажиллуулдаг дүрэмтэй. Тэр тусмаа үндэсний хэмжээний энэ том эмнэлэг хэн нэгэн орж ирээд дураараа авирлах боломжгүй.
-Найз нараа албан тушаалд томилоод байгаа гэсэн?
-ЭХЭМҮТ-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж буй Л.Ганбаяр бол монгол улсын гавъяат эмч, энэ байгууллагад гучаад жил ажиллаж байгаа чадварлаг туршлагатай боловсон хүчин. Г.Баттулга ч мөн адил төрөх эмнэлгийн зөвлөх эмчээр олон жил ажилласан, мерит зарчмаар явж байгаа шилдэг эмч нар бөгөөд хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн эмч нар юм. Энэ хоёр, гуравхан хүний хувийн эрх ашиг сонирхлоо хамгаалахын төлөө хийж байгаа ор үндэсгүй гүтгэлгийн үйлдлүүдийг тоохгүй орхихоор нийт ажилтан, хамт олны уур амьсгал итгэл үнэмшлийг бусниулах сөрөг талтай учраас тайлбар хийхээс өөр аргагүй байдаг юм байна. Эрүүл мэндийн салбарынхан бид хоорондоо маш их эв найрамдалтай ажиллах ёстой.Хойч үеийнхэндээ маш муу үлгэр дууриал үзүүлж байна. Намайг,ажиллаж амьдарч хоолоо олж идэж байгаа эмнэлгээ,улмаар эрүүл мэндийн системийг муухай харагдуулж байгааг ойлгох хэрэгтэй. Намайг гүтгэсэн хүмүүст буруу үйлдлүүддээ ухамсарлаад уучлал гуйгаад хүрээд ир, нэгэн зүгт хараад хамтран ажиллая гэж хэлмээр байна. Монгол улсын эх хүүхдийн чиглэлээр ажилладаг манай төв эмнэлэг, энэ салбар маш тогтвортой, маш тайван байх онцлогтой.
-ЭХЭМҮТ-ийн хоёр эмч АТГ шалгагдаж байгаа. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?
-Шалгагдаж байгаа нь үнэн ч, зөв буруутай эсэхийг бид мэдэхгүй. Гэм буруутай эсэхийг шалгаж байгаа газрууд нь тогтооно. Манай эмч нар ажлаа хийж байгаа. Шалгаж тогтоох, үнэн бурууг ялгаад удахгүй хуулийн байгууллагууд хэлэх байхаа.
-Энэ их худал мэдээлэл, харлуулах гэсэн оролдлогын ард 1200 хүн ажиллаж байна. Тэгэхээр танд танай хамт олны онцлоод хэлэх амжилт, ололт, дэвшил байгаа болов уу?
-Бид Монгол улсын хэмжээнд үндсэн таван чиглэл, тусгай арван чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, бид манай төвд эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд эхэлчихсэн байна. Хамгийн анх хүүхдийн салбарт 1992 онд Авирмэд ахлагчтай багийн хамт олон улаан хоолойн нарийслын эмгэгийн үед бүдүүн гэдсээр орлуулах мэс заслыг хийж эхэлсэн түүхтэй.
2014 оны хоёрдугаар сараас эхлээд амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах баг болон БНСУ-ын Асан эмнэлэгтэй хамтран хийж эхэлснээс хойш бид 12 дахь тохиолдлоо хийлээ.Сүүлийн 5 тохиолдлыг ЭХЭМҮТ-д хийсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ. Үүний өмнө нэг ой долоон сартай хүүхдэд хийсэн. Ирэх долоо хоногт бид хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс засал анх удаа хийх гээд бэлтгэл ажлаа хийгээд явж байна.
Зургаадугаар сарын 1-нээс найман сарын 1 хүртэл бид БНТУ-д ясны чөмөг шилжүүлэн суулгах бэлтгэл сургалтад эмч,сувилагчдыг багаар нь сургаад 9 дүгээр сард хүүхдэд Улсын нэгдүгээр эмнэлгийн хамт олонтой хамтарч ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал анх удаа хийнэ.
Миний бие Япон улсын Осака хотод Осакагийн их сургуульд эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр зургаан жил суралцаж докторын зэрэг хамгаалсан. Миний багш Кимура Тадаши бол окситоцин гэж тариаг нээсэн алдартай эрдэмтэн, Эндо Масаюуки бол ургийн мэс заслаараа тив дэлхийд нэр хүндтэй хүн. Тийм учраас би монголд ургийн мэс заслыг хөгжүүлэх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй арав гаран жил зүтгэж яваа хүн юм. Энэ чиглэлээр анхны хагалгаагаа бид энэ жил 10 сард хийхээр төлөвлөж байна. Одоо монгол эмч нар онлайнаар япон эмч нарын ургийн мэс засал хийхэд шууд оролцож туршлага судлах гэж байна. Ирэх жилээс бид умай шилжүүлэн суулгах мэс засал хийнэ.
Үүний зэрэгцээ бид нэн шаардлагатай тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд эх, ураг, хүүхдийн мэс засал,хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарыг багаар хөдөө орон нутагт, аймгуудад сургалт, эрдэм шинжилгээ, хамтарсан хагалгааг хийж байна. Засгийн газар,ЭМЯ-наас гаргасан бодлогын хүрээнд Бүсчилсэн хөгжлийн хүрээнд дүүргийн эмнэлгүүдтэй эх барих,эмэгтэйчүүд ,хүүхдийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх сард Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтарч 900 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үзлэгт хамруулна. Гадаад урсгалыг бууруулах тал дээр элэг шилжүүлэн суулгах туршлагатай боллоо, бөөрийг нутагшуулах гэж байна.Үндэсний төвийн үүрэг хариуцлагаа биелүүлээд манай хамт олон зүтгэж байна. Энэ мэтээр яривал ЭХЭМҮТ-ийн хамт олны хийж бүтээж, хичээж зүтгэж байгаа олон сайхан ажил байгаа юм.
Бүгдээрээ эв найртай сайхан амьдарцгаахыг хүсэн ерөөе.
Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө хичээн зүтгэцгээе гэж уриалья.
ЭХЭМҮТ-ийн захирал Ж.Отгонбаатар: Бид элэг шилжүүлэн суулгах 12 дахь хагалгааг амжилттай хийлээ, цаашдаа бөөр, ясны чөмөг, умай шилжүүлэн суулгана |
2025-05-14 14:31:01
2025-05-14 12:46:40
2025-05-14 11:36:14
2025-05-14 14:48:05
2025-05-14 14:36:10
2025-05-14 14:31:01
2025-05-14 12:50:00
2025-05-14 12:46:40
2025-05-14 11:36:14
2025-05-14 11:18:45
2025-05-14 11:12:25
2025-05-14 11:07:36
2025-05-14 11:04:43
2025-05-14 10:58:30
2025-05-13 17:00:42
2025-05-13 16:38:25
2025-05-13 16:24:13
2025-05-13 15:54:02
2025-05-13 13:49:18
2025-05-13 12:58:11
2025-05-13 12:18:57
2025-05-13 12:03:28
2025-05-13 11:28:35
2025-05-13 09:56:35
2025-05-13 09:46:19
2025-05-13 09:37:59