“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр өнөөдөр /2025.05.08/ мэдээлэл хийх үеэрээ төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжилнэ гэж мэдэгдлээ.
2007 онд түүнийг иргэдээс их хэмжээний мөнгө залилсан, бусдад орон сууц барьж өгөх, бонд худалдах нэрийдлээр залилан хийсэн хэмээн 10 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг ногдуулж байв.
Энэ талаар Ж.Мэндбаяр "Сүүлийн өдрүүдэд Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Ж.Баярмаа руу хандсан мэдээлэл их явж байна. Үүнд тухайн гишүүний улс төрийн асуудлыг нь бус төрсөн ах Ж.Мэндбаяр болон "Глоб Кредит" ХЗХ-ны хохирогчдын талаар нэлээн сөхөгдөж байгаа тул хэвлэлийнхэнд хандлаа.
Би гурван дүүтэй айлын том Ж.Баярмаа бол миний хамгийн бага дүү. Дүүгийн маань асуултад ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үзүүлсэн хариу үйлдлийн талаар хэд хоног ярилаа. Үүнд ахынх нь хувьд санаа зовж суулаа. Үүний маргаашаас л хоршооны тухай асуудлыг хутгаад оруулаад ирэхээр нь яах ёстой юм бол доо гэж гайхаж байна. Ж.Баярмаатай би цагаан сараас хойш уулзаагүй. Утсаар ч ярих завгүй яваад байдаг.
Хэд хоногийн өмнө Х.Оюунцэцэг гэдэг хүн рүү манай хоршооны хохирогч ноцтой баримт явуулсан гэж яриад байгаа. Энэ хүний ярьснаар бол "Глоб"-ын нуугдмал хөрөнгийг Ж.Баярмаа гэдэг хүн өөрийнхөө эзэмшдэг хөрөнгөөр төлөхгүй, ахынхаа болон бусад хоршоодын хохирогчдын төлөө явахгүй байгаа тул ёсзүйн хариуцлага тооцуулахаар Ардчилсан намаас шаардаад суулт зарлаж байгаагаа мэдэгдсэн.
Яг үнэндээ бол би суулт байтугай өлсгөлөн зарлах ёстой хүн. Хоёрдугаарт намайг 2006 оны дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Баасан гарагт баривчлагдсанаас хойш яг 19 жил болж байна. Энэ үеэр эрүүгийн хэрэг үүсгээд миний нэр дээр байсан болон хамаарал бүхий хүмүүсийн хөрөнгийг битүүмжилсэн.
Тухайн үед Нийслэлийн Засаг Дарга "Глоб"-ын хөрөнгийг үнэлүүлэхээр үнэлгээний комисс байгуулж байв. Манай хоршоонд нийслэлтэй холбоотой нэг ч эд хөрөнгө байгаагүй. Гэтэл ийм албан бичиг явуулаад комисс байгуулсан. Энэ бүгдийг би хоригдож гарч ирээд шалгаад үзэхэд манай хөрөнгийг үнэлсэн комисст тухайн үеийн Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга хүртэл байсан байх жишээтэй.
Манай хоршоонд нэг ч мал байгаагүй. Энэ хүн тэнд юуг үнэлсэн бэ гэдэг гэх мэтээр олон асуудал бий. Нийт 1,462 нэр төрлийн 30,000 эд хөрөнгийг үнэлсэн. Үнэлгээний комисс эдгээр хөрөнгийг ₮4.3 тэрбум гэж үзсэн байдаг юм. Шүүх энэ үнэлгээг дүгнэж надад ял оноосон. Нийт хохирлын тоог ₮11.8 тэрбум гэж үзсэн юм. Ингээд ₮4.3 тэрбумын хөрөнгөтэй юм байна. Үлдсэн мөнгийг нь энэ нөхөр аваад идчихсэн гэж үзсэн учраас ял өгсөн.
Мөн хавтас хэрэгт Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвийн шинжээчийн дүгнэлт бий. Тэр үед ашиглаж байсан данс, тооцоог гаргаж ирсэн. Хаанаасаа нуугдмал хөрөнгө гаргаж ирээд олонд зарлаад яваад байдаг юм. Эцэст нь энэ бүхнийг үндэслээд гурван шатны шүүхийн шийдвэр гараад надад ял оноогоод дууссан.
Түүнээс хойш 2015 онд би шоронгоос суллагдаж гарч ирээд хөрөнгө үнэлсэн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүхэд хандахдаа хотын захирагч комисс томилж, "Глоб"-ын хөрөнгийг үнэлэх боломжгүй гэдэг агуулгаар гомдол гаргасан. Ингэхдээ дээр дурдсан олон эд хөрөнгөөс тавыг нь сонгоод нөхөн үнэлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүхээс хөрөнгийг дахин үнэлүүлэхээр шинжээч томилсон. Үүний дагуу 15 хүний бүрэлдэхүүнтэй баг гурван сарын турш ажиллаад дүгнэлтээ танилцуулсан байдаг. Уг дүгнэлтээр хөрөнгийг битүүмжилж байх үеийн ханшаар дээрх таван хөрөнгө ₮9.2 тэрбум болохыг тогтоосон. Тодруулж хэлбэл хотын даргын томилсон комисс нийт хөрөнгийг ₮4.3 тэрбум гэж үзсэнээс даруй хоёр дахин өндөр үнэлгээтэй болохыг мэдэж авсан. Дээрх эд хөрөнгө 2015 оны ханшаар бол ₮21 тэрбумын үнэлгээтэй болохыг тогтоож өгсөн.
Үүний цаана үнэлгээг нь нөхөж хийлгээгүй эд хөрөнгө ч олон бий. Эдгээрийг өнөөдрийн ханшаар тооцвол ₮50, ₮60 тэрбумд хүрнэ.
Ингээд захиргааны хэргийн шүүхээр "Глоб"-ын хөрөнгийг үнэлсэн Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын томилсон комиссын үнэлгээг хүчингүйд тооцсон. Ингэснээр эрхзүйн чадамжгүй болсон. Одоо бид иргэний шүүхэд хандахаар төлөвлөж байгаа. Иргэний шүүх эдгээр шийдвэрийг үндэслээд "Глоб" хоршоонд хэдэн төгрөгийн хохирлыг тогтоож өгнө. Хохирогчид болон миний бие удахгүй төрөөс ₮50 тэрбумыг нэхэмжлэхээр шүүхэд хандах юм" гэв
Ж.Баярмаа гишүүний төрсөн ах Ж.Мэндбаяр төрөөс ₮50 тэрбумыг нэхэмжилнэ |
2025-05-08 16:43:42
2025-05-08 16:18:42
2025-05-08 13:49:35
2025-05-08 17:09:24
2025-05-08 16:53:45
2025-05-08 16:43:42
2025-05-08 16:18:42
2025-05-08 16:00:07
2025-05-08 14:53:42
2025-05-08 13:55:58
2025-05-08 13:49:35
2025-05-08 13:38:17
2025-05-08 13:25:24
2025-05-08 13:20:33
2025-05-08 13:20:27
2025-05-08 12:55:47