Сэлэнгэд 3, Хэнтийд 1 түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтын 04.29-ний өдрийн 10:40 цагт мэдээгээр гал түймрийн цэг илэрсэн дуудлагыг хүлээн авсан. Сэлэнгэ аймаг Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Байгаль орчны Улсын хяналтын газар, Мод боловсруулах үйлдвэр, "Хан Хэнтий" УТХГ-аас ажилтнууд унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн “Дунд даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 112 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд, Түшиг сумын Мэргэжлийн анги, “Тариа” бригадын иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 8.85 км, өргөн 6.85 км урттай. 

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Моностой багийн “Хоёр даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 89 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн мэдээллийг 04.28-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зүүнбүрэн, Хушаат сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 04.30-ны өдрийн 04:00 цагт түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт 2 дугаар баг “Галын ар” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Норовлин, Баян-Овоо сумын мэргэжлийн анги, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ажиллан 20.00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 15 км, өргөн 6 км, нийт 9000 га талбай шатсан, иргэн Б-гийн 5 ханатай гэр, малын 20 метр хашаа өртсөн.     


Сэлэнгэд 3, Хэнтийд 1 түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ