Нийслэлийн долоон хос хуримаа хийв

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ, Гэрлэх ёслолын ордон хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллага НОБГ, ОСНААУГ, УСУГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Боловсролын газар, Зорчигч тээвэр 4, Баянгол эрүүл мэндийн төвөөс ажил амьдралын зам мөрөө холбосон долоон хосын “Хотоос төрсөн хос” гэрлэх ёслол өнөөдөр боллоо.  

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлогын зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа ярихдаа, “Гэрлэлтээ бүртгүүлж байгаа хосууд бол нийгэмдээ манлайлан, үлгэр дуурайлал үзүүлж, энгийн атлаа чимээгүй ажиллаж, үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлэн төлөвшүүлж, өөрийн гэсэн хөдөлмөрийн үнэ цэнийг үнэлүүлж яваа төлөөлөл юм. Нийслэл хотыг өнгө үзэмжтэй байлгах, иргэдэд тогтмол үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжээс хосуудаа сонгосон. Улс орон тогтвортой байх үндэс нь гэр бүл. Бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хүлээцтэй байх нь гэр бүлийн харилцаанд чухал” гэв.

Харин “Гэрлэх ёслолын ордон”-ы захирал, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул, “Монгол төрийг төлөөлж хосын гэрлэх ёслолыг баталдаг ариун өргөөнд долоон хос амьдралынхаа дурсгалт мөчийн нэгээхэн хэсгийг бүтээж байна. Гэр бүл гэдэг аливаа улс орны хамгийн чухал нэгж юм. Гэр бүл тогтвортой байх нь хөгжил, дэвшилд чухал нөлөө үзүүлдэг” хэмээн ярилаа.

Хаврын дунд сарын шинийн 18-ны энэ өдөр нийслэлийн харьяа байгууллагуудаас долоон хос гэрлэлтээ бүртгүүлсний нэг нь НОБГ-ын ахлах Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Г.Тэмүүл, дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Б.Алимаа нар юм. Өдгөө 13 дахь жилдээ Онцгой байдлын албанд ажиллаж буй тэд гурван хүүхэдтэй. Гэргий Б.Алимаа нь сэтгэгдлээ хуваалцахдаа, “Өнөөдөр хуримаа хийж байгаадаа маш их баяртай байна. Ханьтайгаа учраад 12 жил болжээ. Бид нэг байгууллагад хамт ажилладаг. Мэргэжлийн онцлогоос шалтгаалж нөхөр хүнд нөхцөлд ажилладаг том хэмжээний галын дуудлагад нь явахад битүүхэн санаа зовж суудаг. Хань минь намайг ойлгож, дэмжиж байдагт баярлаж явдаг” хэмээв.

Тэгвэл өнөөдөр сувдан хуримаа хийж буй, ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн машинч Б.Батжаргал, З.Амаржаргал нар эмнэлэгт танилцаж байжээ. Гэрийн эзэгтэй З.Амаржаргал, “Ханиа анх хараад “Миний заяаны хань мөн юм байна. Энэ хүнтэй суух юм шүү” бодоод, зориг гарган нөхөртөө хэлж байлаа. Тэр цагаас хойш 30 жил өнгөрчээ. Бид дөрвөн хүүхэдтэй. Эх, үрсийн баяраар “Эхийн алдар” одонгоо авна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Гэрийн эзэн Б.Батжаргал 53, эзэгтэй З.Амаржаргал 50 настай ажээ.

Харин энэ өдөр хуримаа хийсэн долоон хосын хамгийн залуу нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын сувилагч 23 настай Б.Өсөхбаяр, 24 настай Н.Цэндзэсэнжав нар байлаа.

Ташрамд дурдахад, Гэрлэх ёслолын ордоны 50 жилийн түүхэн ой ирэх жил тохиож байгаа бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш 50 мянга гаруй хосын гэрлэх ёслолыг зохион байгуулжээ.


Нийслэлийн долоон хос хуримаа хийв
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ