Шинэ хавдрын эмнэлгийн зураг төсөл VII сард дуусна

Улсдаа ганц Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилгын зураг төслийн ажлыг 2025 оны долдугаар сард бүрэн дуусгах гэнэ. Зураг төсөлгүй гэдэг шалтгаанаар олон жил улсын төсвөөс хасагдсан шинэ эмнэлгийн зураг төслийг гурван тэрбум төгрөгөөр "Бодь пропертийз" компани хийхээр тендерт шалгарсан юм.

Шинэ эмнэлэг барих асуудлыг олон жил ярьсан ч ажил болгож чадалгүй өдийг хүрсэн. УИХ-ын зарим гишүүд 2025 оны улсын төсөвт шинэ эмнэлгийн дэд бүтцийг хийх 7.9 тэрбум төгрөг төсөвлөх саналыг гаргаж, батлуулсан байдаг. Энэ талаар тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөхдөө "Дахин өргөн барих 2025 оны төсөвт алдагдлыг 1.4 их наядаар бууруулж, "Соёлын эрхийн бичиг"-ийг хасч, Хавдрын эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбумыг нэмж тавьсан" гэж мэдээлж байв. Өмнө нь Хавдрын шинэ эмнэлгийг нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Чулуутын аманд барихаар төлөвлөж байсан ч дэд бүтэцгүй гэдэг шалтгаанаар газрыг өөрчилж, Сонгинохайрхан дүүргийн 34 дугээр хороонд 12 га газарт барихаар болсон юм.

Тодруулбал, "Найрамдал" олон улсын хүүхдийн зуслангийн наана буюу "Буман-Өлзий" хорооллын орчимд тус эмнэлгийг барина.

 

Энэ талаар өмнө нь ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодруулахад "Хавдрын шинэ эмнэлгийн зураг төслийг хийх компани шалгарсан. Үүнээс гадна нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд дэд бүтцэд холбогдсон газрыг шийдэж өглөө. УИХ-ын зарим гишүүд 2025 оны улсын төсөвт хавдрын шинэ эмнэлгийн санхүүжилтийг тусгуулахаар гарын үсэг цуглуулж байна.

Ирэх жилийн төсөвт шинэ эмнэлэг барих барилгын төсөв гэхээсээ илүүтэй зураг төсөл бэлэн болоход дэд бүтэц, хашаа, тог цахилгааны асуудлыг шийдэх 10 орчим тэрбум төгрөгийг тусгуулах хүсэлтэй байгаа юм. Эмнэлгийн барилга барих төсөв биш.

Шинэ эмнэлэг рүү зам тавих шаардлагатай болно. Өмнө нь яригдаж байсан Баянзүрх дүүргийн Чулуутын аман дахь газартаа хавдартай өвчтөнөө эмчлэх сувилал буюу хөнгөвчлөх эмчилгээний төв барьж байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Хөрөнгө мөнгөний асуудал хэрхэн шийдэгдэх нь үү. Одоогийн Хавдар судлалын эмнэлэг нь Улаанбаатар хотын зүүн бүсийн иргэдэд хавдрын эмчилгээ үйлчилгээг үзүүлэх бол шинэ эмнэлэг нь хотын баруун бүсэд буюу Сонгинохайрхан дүүрэгт тусламж үйлчилгээг үзүүлнэ. Нийслэл хотын хүн ам хамгийн олонтой хоёр дүүрэгт хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр үзүүлэх боломжтой болно гэж харж байна" гэсэн юм. Шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хавдрын эмнэлгийн хана нь зузаан буюу цацраг идэвхит бодит ялгардаггүй байхаас гадна туяа, цөмийн төвтэй байх гэх мэт олон улсын стандартад нийцсэн хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд хэлж буй.

Одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга нь 1981 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан.

Тэр цагаас хойш нэмэлт барилга барьж, өргөтгөөгүй гэдгийг эмнэлгийн удирдлага хэлж байсан юм. Хавдар судлалын үндэсний төвийн арын хэсэгт өргөтгөлийн ажлыг хийж, 3.7 тэрбум төгрөгөөр олон улсын стандартад нийцсэн дурангийн төв байгуулж байгаа юм. Уг өргөтгөл нь 2025 онд ашиглалтад орох гэнэ.


Шинэ хавдрын эмнэлгийн зураг төсөл VII сард дуусна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ