ЦЕГ: Сар шинийн өдрүүдэд 2033 алба хаагч замын хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийнэ

ЦЕГ-аас ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас өгсөн үүргийн дагуу цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

НХЖХОНАБХА-ын ОНАБХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Гүррагчаа: Сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09.00 цагаас 03 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана.

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан, төв Гандантэгчинлэн хийд болон бусад сум хийдэд ном хурах, Шинийн нэгний нар харах зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний үеийн хамгаалалт, зохицуулалтад 301 тээврийн хэрэгсэл, 972 алба хаагч,

  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хангах чиглэлээр
  • Нийслэлд авто эргүүлийн 100 чиглэлд 701, явган эргүүлийн 235 чиглэлд 471 алба хаагч,
  • Орон нутагт авто эргүүлийн 40 чиглэлд 80, явган эргүүлийн 290 чиглэлд 577 алба хаагч
  • Улсын хэмжээнд авто эргүүлийн 140 чиглэлд 781, явган эргүүлийн 525 чиглэлд 1048 алба хаагч, 
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр
  • Нийслэлд 324 цэгт 1230,
  • орон нутагт 290 цэгт 580,
  • Улсын хэмжээнд нийт 614 цэгт 1810 алба хаагч,

Эргүүл, хамгаалалт, зохицуулалтад цагдаа, дотоодын цэргийн нийт 5416 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.

 

УСА-ны ГХЗУСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр: Уламжлалт баяр ойртсон өдрүүдэд буюу энэ оны 02 дугаар сард цагдаагийн байгууллагад  иргэдээс гэр, орон сууц /гэр хороолол/ зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх нийт 310 дуудлага мэдээлэл бүртгэсэн. Эдгээр дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад иргэдийн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч үстэй дээл, мөнгөн аяга, хөөрөгч, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг баяраар худалдан авалтынх нь эрэлт нэмэгддэг хурдан зарж борлуулах боломжтой эд зүйлсийг хууль бусаар авч, иргэдэд хохирол учруулсан талаарх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байна. 

Өнгөрсөн жилийн сар шинийн баяр, амралтын өдрөөр буюу 2024 оны 02 дугаар сарын 09-өөс 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад нийт 6525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дээрх нийтээр амрах баяр амралтын 5 хоногийн хугацаанд иргэд эд зүйлээ хулгайд алдсан байна гэх 31 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Сар шинийн баяр амралтын өдрүүдэд иргэд хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн ихсэх энэ үеэр иргэн та өөрийн гэр, орон сууцны аюулгүй байдлыг хангаж, цахим орчинд хөдөө орон нутагт зорчиж байгаа талаарх мэдээллийг байршуулахгүй байх мөн цонхны хаалт төмрийг суурилуулж, хөршийн холбоогоо сайжруулах зэргээр бусдад таны өмчлөх эрхэнд халдах боломжийг бүү олгоорой.

Энэ сар бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрүүд ар араасаа ойрхон тохиож байна. Тэмдэглэлт өдрүүдээр иргэдийн архи согтууруулах ундааны худалдан авалт, борлуулалт нэмэгдэхтэй зэрэгцэн цахим орчинд хямд үнэтэй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундааг худалдах зар мэдээллийг байршуулах мөн хуурамч Онцгой албан татварын тэмдэгттэй  бүтээгдэхүүнийг зарж борлуулах хууль бус үйлдлүүд нэмэгдэх, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй тул цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цахим орчинд зар байршуулж архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөрчлийг таслан зогсоох, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл хүргэх чиглэлээр “Цахим-архи худалдаа” арга хэмжээг энэ оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс  эхлэн зохион байгуулж, гар дээрээс зохих зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан 13, архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөлтэй болон түүгээр үйлчилдэг 2955 хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж нийт 75 зөрчил илрүүлж, 952 архи, согтууруулах ундааг хурааж, зөрчил гаргасан 10 иргэнийг 6.500.000 төгрөгөөр, 8 аж ахуйн нэгжийг 15,000,000 төгрөгөөр тус тус торгож, 21 зөрчлийг харьяаллын дагуу татварын байгууллагад шилжүүлж, 56 зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн гарал үүсэл тодорхойгүй архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Мөн олон хоногоор хөдөө орон нутагт зорчих үедээ бага насны хүүхэд, өсвөр насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, орон байрныхаа галын аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

ТЦА-ны УСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Цагдаагийн байгууллагаас энэ оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийслэл хотод-1230, орон нутагт-803 нийт 2033 алба хаагч гудамж замд хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж ажиллана.

Улсын дугаарын арын оронг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах талаарх Нийслэлийн Засаг даргын А/248 дугаар захирамжийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.

Өөрөөр хэлбэл баяр амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийслэл хотын бүсэд золголтоор зорчихдоо гэр хорооллын гудамж болон хотхон хорооллын дотор тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчид болон шуурхай албаны автомашинд саад болохгүй байдлаар байрлуулах, Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймаг орон нутагт зорчих бол бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аль болох авч явахгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, та бүхэн бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

 


ЦЕГ: Сар шинийн өдрүүдэд 2033 алба хаагч замын хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийнэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ