Монгол эмч нар гол судасны нум солих, цүлхэнг устгах хагалгаа хийж эхэллээ

Манай улс гол судасны цочмог хуулрал, түүний хүндэрсэн хэлбэр, ялангуяа цээжний гол судасны задарсан цүлхэнгийн нас баралтын түвшин өндөр байгаа нь уг мэс заслын техникийг боловсронгуй болгох, мэс засалд нэн шаардлагатай багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, яаралтай мэс заслын эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар нь сургаж чадавхжуулах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байсан тул Эрүүл мэндийн сайдын санаачлага, дэмжлэгээр 2024 оны 4-р улиралаас эхлэн Монгол улсад эмчлэгдэх боломжгүй 26 бүлэг өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээг эх орондоо бүрэн нутагшуулах зорилгоор бодит үйл ажиллагаануудыг эрчимтэй хэрэгжүүлж эхлүүлсэн билээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх өвчний жагсаалтад багтаж буй “Гол судасны хүнд хэлбэрийн цүлхэн, цүлхэнгийн хуулрал”-ын мэс заслын эмчилгээг бүрэн нутагшуулахаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын гол судасны мэс заслын багийг БНСУ-ийн Йонсей Северанс эмнэлэг, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн Бунданг салбар эмнэлгүүдэд нэг сарын хугацаатай дадлагажуулах сургалтад хамруулсан юм.

Гол судасны мэс заслын баг эх орондоо харьж ирсэн даруйдаа цээжний гол судасны цочмог хуулрал, Станфордын ангилал А, ДеБекей I хэлбэрийн эмгэгтэй, гол судасны хавхлагын цочмог хүнд зэргийн дутмагшил оноштой 51 настай эмчлүүлэгчид цусны зохиомол эргэлтийн гүн хөргөлтийн нөхцөлд тархины сонгомол перфузийн дор гол судасны өгсөх хэсэг, нум хэсгийн хууларсан цүлхэнг устгаж, хиймэл судасаар өгсөх болон нумын хэсгийг бүрэн солих мэс заслыг, мөн гол судасны нумын цочмог хуулрал, титэм судасны хоёр салааны хүнд хэлбэрийн нарийсалтай 65 настай эмчлүүлэгчид гол судасны нумыг бүрэн сольж, баруун титмийн артерийн салаа болон ховдол хоорондын уруудах салааны титэм судаснуудыг хиймэл судсаар нэг зэрэг залгах мэс заслуудыг амь насны заалтаар яаралтай журмаар тус тус амжилттай хийлээ. Эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гаран дараагийн шатны эмчийн хяналтад шилжсэн.

Гадаад сургалтын үр дүнд эмч мэргэжилтнүүд цээжний гол судасны цүлхэн болон зүрхний бусад эмгэгийн үед цусны зохиомол эргэлтийн технологи ашиглан хиймэл судсаар солих мэс засал, гол судасны нумыг хиймэл судсаар солих мэс заслыг бусад зүрхний нээлттэй мэс заслуудтай хавсаран гүйцэтгэх технологуудыг ийнхүү өөрийн эх орондоо амжилттай хийж нутагшуулаад эхэллээ.

Мөн цаашид цээж - хэвлийн хавсарсан хүнд зэргийн цүлхэнг болон цүлхэн хуулралын эмгэгийг цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хиймэл судсаар бүрэн солих висцераль эрхтэнүүдийн эргэн судасжуулах мэс засал хийгээд хэвлийн гол судасны супрареналь хэсгийг хамарсан хүнд зэргийн цүлхэнгийн үед цээж хэвлийн хавсарсан хүрцээр хиймэл судсаар солих чацархайн болон бөөрний судсуудыг эргүүлэн суулгах мэс заслуудыг нутагшуулах, насанд хүрэгсдийн зүрхний мэс засалд Дель Нидо кардиоплегийн зүрх хамгаалах уусмалыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна гэж УГТЭ-ээс мэдээллээ. 


Монгол эмч нар гол судасны нум солих, цүлхэнг устгах хагалгаа хийж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ