"Анх хүүхэд асрахын биш хорихын дарга болчхов уу гэж бодогдсон"

“Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын дарга С.Амгалангийн өөрийн нүүр номдоо бичиж нийтэлсэн "ХҮҮХЭД АСРАХЫН ДАРГА БОЛООД ГАЙХСАН ЗҮЙЛҮҮД..." нийтлэл олны анхаарлыг татаж байна. Бид С.Амгалангаас зөвшөөрөл авч, тухайн нийтлэлийг бүрэн эхээр нь нийтэллээ. 

"ХҮҮХЭД АСРАХЫН ДАРГА БОЛООД ГАЙХСАН ЗҮЙЛҮҮД...

Ажлаа анх аваад хүүхдүүдтэйгээ танилцваа. Тэгсэн баахан хүүхдүүдийг жагсаагаад аваад ирдийм даа. Тэгснээ соёлын танхимд оруулаад нийтээр нь тангараг уншуулаад. Нэг багш нь гараа зүрхэндээ барьж байгаад уншиж байна аа. Томоотой бна, эх оронч хүн болно нтр гээд. За яахав тэгээд танилцаад дууссан. Буцаагаад жагсаагаад аваад явцан. Дараа нь надад хүүхдүүдийн өдрийн дэглэм, дотоод журам гээд танилцуулсан. Надад юу бодогдсон гэхээр энэ хүүхдүүд яагаад ижилхэн цагт унтаж, ижилхэн цагт босож , ижилхэн цагт амарч, ижилхэн хоол иддэг юм бэ гэж. Би хаана ирчихвээ, хорих ангийн дарга болчив уу гэж хальт бодогдсон шүү.

Хэд хоноод байтал коридорт хүүхдүүд шуугилдаад удаа ч үгүй маани дүнгэнүүлээд уналаа. Очоод хартал гаднаас буяны зэд ирсэн юм байна. Багш нь за хүүхдүүдээ гээд хоороор нь маани уншуулж байна шүү. Үнэхээр гайхсан. Талийгаач тэрний тэрэнд, буянд даган баясъя гээд. Лам аятай...

Бас нэг жишээ зусланд гараад хүүхдүүд оройн тойргоо хийгээд унтахын өмнө бүгдээрээ том түмпэнд оочерлоод байх юм. Орой бүр. Гамбир тараадаг юм байна. Хүүхдүүд өлсдөг учраас орой бүр гамбир өгдөг гэж надад тайлбарласан. Хэчнээн ч жил ингэж үргэлжилсэн юм бүү мэд. Хөөрхий дөө гамбир тэвэрсэн хүүхдүүд. Сүү тараг, жимсхэн өгч болоогүй юм байх даа. Хүүхдүүдээ орой бүр жагсааж тоолно. Аягүй хэцүү. Хэдхэн хүүхдийг өрөө, өрөөгөөр нь яваад тоолчих ухаангүй. Унтаж байхад нь л муухай бүрээ орилуулаад оройн тоондоо. Тамтай.

Дараагийн гайхсан зүйл. Хүүхдүүдэд бүжгийн сургалт орж байнаа. Ашгүй , яасан аятайхан юм гээд очоод сонирхтол юу вэ. Жоохоон жоохон юмнуудад задгай цагаан зааж байхын. Хөгжим хангинаад л...Хүүхдүүд K pop, орчин үеийн бүжиг сонирхдог биш билүү.

Ахиад л гайхсан нь. Хүүхдийн баярын тоглолтын бэлтгэл. Дуу хуур, бүжигт бэлдээд хөөрхөөн, хөөрхөн. Даанч дуулж байгаа дуу нь зүрх зүсэм. Ээжийгээ санасан, үгүйлсэн дуу. Хөөрхөн хүүхдийн сэтгэл сэргээсэн дуунууд байдаг даа. Яагаад ийм сонголт !!!

Гайхшрал дуусахгүй ээ. Их олон. Нэг бүлгийн хүүхэд дэггүйтээд загнуулж байна аа. Тэгсэн бүлгээр нь загнадаг юм байна. Бүгдийг нь зогсоогоод. Би хүүгээ алдаа гаргахад нь 4 хүүхдээ зогсоож байгаад бүгдийг нь хамт зэмлэдэггүй л дээ.

 

Сул ажлын орон тоо гараад анкетууд ирнэ. Тэгсэн надад ингэж зөвлөж байна. Чанга гар хэрэгтэй байна. Хүүхдүүдийг айлгадаг...Минийхээр бол хүүхдүүдэд зөөлөн, тэдний итгэлийг олж чадах хүн хэрэгтэй бишүү. Би яахав дээ хүүхэд харахаараа дуугай өнгөрдөггүй юм болохоороо хүүхдүүдтэй буу хална. Тэгсэн байгууллагаар бөөн яриа. Дарга хүүхдүүдээс мэдээлэл аваад байна гэнэ үү ккк. Ойлгоогүй. Бүх зүйл нууц байх ёстой байжээ. Манай өрөөнд хүүхдүүд орж ирээд ширээн дээрх чихрийг хамна. Өрөөнд байсан хөөрхөн тоглоомуудыг ч нэг нэгээр нь аваад гарна. Харагдсан болгоноо л авдын. Би ч өгчихдөг юм дөө. Ширээн дээрээ аль болох чихэр, жижигхэн тоглоомнууд байлгадаг. Хүүхдүүд орж ирээд хараад бдын. Хэн нэгэн дарга цэргийг дайлах гэж биш шүү. Энэнээс болоод хүүхдүүд маань даргын өрөөгөөр орлоо, яасан замбараагүй юм гээд зэмлүүлнэ. Энэ үнэхээр байж боломгүй. Манайх хэдий төрийн байгууллага ч гэлээ хүүхдийн байгууллага гэдгээ мартаж болохгүй.

Битүү зөвшөөрөл, хатуу хяналт. Бараг бие засахдаа ч хүүхдүүд зөвшөөрөл авч байна шүү. Яаж ийм орчинд хүн тэсэх юм бэ. Тэр тусмаа хүүхдүүд. Эрхээ хамгаалуулах гэж ирсиймүү, эрхээ хязгаарлуулах гэж энд ирсиймүү гэж бодогдсон.

Манайх 18 наснаас дээш залуусын амьдардаг төвтэй цорын ганц байгууллага юм л даа. Насанд хүрсэн хүмүүс амьдардаг гэсэн үг. Тэгсэн энэ залуус хүртэл дэлгүүр хоршоо орохдоо зөвшөөрөл авна, хариуцсан нийгмийн ажилтан нь дагаж явдаг. Аймаар.

Байгууллагын дотоод журам гэж байдаг даа. Уншсан чинь хүн тогтохын аргагүй хатуу чанга. Ингэвэл хална, ингэвэл цалин хасна гээд. Алхах гишгэх боломжгүй шахуу. Энэ албан хаагчдад ээлтэй, урамшууллын заалт алга аа. Байсан ч байж магад, нүдэнд тусах зүйл байгаагүй болоод одоо сайн санахгүй байна. Хариуцлага тооцох тохиолдлуудыг хасаж, урамшуулах заалтууд олноор нэмж санаа амарсан. Даргын өрөө хамгийн гоё. Шил толь. Өрөөнд байгаа бүх тавилгуудаа багш, хүүхдүүд рүү оруулсан. Одоо манай өрөөнд хурлын том ширээ, шүүгээ, 1ш буйдан л бий. Өө тэгсэн дарга нь машин унах ёстой юм байна. Хар тэрэг. Хүүхдүүдээ гадагшаа дугуйлан секцэнд хамруулах, эмнэлэгт үзүүлэх гээд гадагшаа явах ажил мундахгүй. Би яахав дээ. Ажил гэрийн хооронд дугуй унаад, заримдаа гүйгээд. Хүүхдүүд даргын машинд сууж үзээд паа пүү. Сууж үзээгүй юм гэнэ ээ.

Одоо бол хүүхэд багш нар гээд хүссэн хүн бүр ажлын шаардлагаар энэ машиныг ашигладаг. PC-чин дарга нэр зүүв ээ. Хүүхдүүдтэй ойртох, илүү дотносох санаатай хамт гар утсаар нь тоглохгүй юу. Пи Си тоглохоос өөр юмгүй балай дарга манайд ирж гээд хэсэг яригдаад. Инээдтэй. Наадам болж хүүхэд багшгүй хөөрцөглөөд. Өө тэгсэн хэчнээн литр айраг, хонины мах, цагаан идээ гээд найр наадам эхэллээ. Дарга , багш нар нь асарт суугаад айргаа уугаад махаа огтлоод дээлээ өмсөөд заларч байна аа. Надад огт таалагдаагүй. Минийхээр бол хүүхдүүдээ асарт суулгаад, багш нар нь хүүхдүүдээ хөгжөөгөөд авьяасаа үзүүлэх ёстой бишүү. Тэгсэн айраг гүзээлээд, мах огтлоод, хэрүүлээ хийгээд, орой нь архидаад дургүй хүрсэн гэж.

Цагаан сар мөн адил. 4ш гулууз, 1 үхрийн мах. Бууз хийдэг юм байна. Мянга мянган бууз. Албан хаагчид цуглаж чимхээд л. Сүртэй сүртэй. Хүн тамлаад зүгээр. Би тэгсэн энийг нь өөрчлөөд 30кг махаар 1200ш бууз хийгээд цагаан сараа болгочихсон. Юм л бол дарга та дээшээ суу гээд аягүй түвэгтэй. Өөрийнхөөрөө байж болдоггүй. Хүүхдүүдтэй хамт байж болдоггүй. Би хүүхдүүдтэй олон жил ажиллахдаа дандаа шууд ярилцаад тэдэнтэй марзагнаад сурчихсан ч юм уу , энэ соёлд нь дасдаггүй ээ. Дарга та шагнал гардуул ч гэж байх шиг. Яагаад заавал дарга гэж ? Мэдкүү ээ мэдкүү. Одоо ч энэ соёлд дасахгүй л яваа. Даргыгаа яасан ч их асардаг, бөөцийлдөг юм. Хүүхдүүдээ ингэж асардаг болоосой гэж бодогддог байв.

Өрөөнүүдээр нь явж үзлээ. Цонхнууд нь хагархай, гэрлүүд нь асдаггүй. Энд тэндгүй харанхуй. Хонгилоо хонгил. Ямар сайндаа бүх өрөө тасалгаа, коридорын гэрлийг асааж баяр хийж байхав дээ. Гэрэл асааж ажлаа эхэлж байлаа. Гэрэлтэй байх ийм гоё билүү гээд багш нар. За тэгээд дэггүйтсэн хүүхдийг галуун цуваагаар явуулах, шөнөжин гарыг нь өргөж зогсоох, хоолыг нь хасах, гар хүрэх, архидах, хулгай хийх гээд асуудлууд байсан. Одоо байхгүй ээ. Итгэлтэй хэлнэ. Бүгдийг нь зайлуулсан. Манайд одоо хүүхэд зоддог багш байхгүй. 100% итгэж болно шүү.

Тод санаж байгаа зарим нэгээс нь бичихэд иймэрхүү. Бичиж болохгүй зүйлс маш их бий. Бичвэл та нар ухаан алдаж унана. Энэ удаа ингээд дуусгая. Одоо манайх цоо шинэ соёл түгээж яваа цоо шинэ үеийн залуус ажилладаг маш гоё байгууллага болсоон. Миний бахархал бол хамт ажилладаг залуус минь юм. Залуустаа маш их хайртай. Өө тий, би ДАРГА БИШ БАГШ хэвээр үлдмээр байна. Хүүхдүүдийнхээ найзаар, хүүхдүүдтэйгээ цуг гүйдэг багш хэвээр үлдмээр байна. Дарга гэж нэрнээс яаж салах вэ.

https://www.facebook.com/share/p/15yk9HpohW/ 

“Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор" нь эцэг эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг хүүхэд залуусыг амьдрах нөхцөл боломжоор ханган, улмаар мэргэжил олгох сургалтад хамруулах, ажилд зуучлах үйл ажиллагаа явуулдаг 24 цагийн үйлчилгээтэй улсын төсөвт асрамж, халамжийн байгууллага юм. 


"Анх хүүхэд асрахын биш хорихын дарга болчхов уу гэж бодогдсон"
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ