Махны үнийн хөөрөгдөл ба төрийн зөрүүтэй байр суурь

Сүүлийн саруудад махны үнэ огцом өсөж, өрхийн өдөр тутмын зардалд хүчтэй дарамт үзүүлэх боллоо. Хамгийн энгийн жишээ нь үхрийн махны үнэ килограмм тутамдаа 36 мянган төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 53.2 хувиар өссөн нь иргэдийн худалдан авах чадвар эрс муудсаныг харуулж байна.

Гэвч үнийн өсөлтийн энэ нөхцөлд Засгийн газрын байр суурь нэгдмэл бус байгаа нь анхаарал татаж байна. Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хүчит шонхор” зах дээр ажиллах үеэрээ ченжүүдтэй уулзан, ирэх долоо хоногт махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргана хэмээн мэдэгдсэн. Харин үүнээс хэдхэн хоногийн өмнө Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газар махны үнийг зохиомлоор барих бодлогод оролцохгүй гэсэн байр суурь илэрхийлж, зах зээлийн нийлүүлэлт, эрэлт болон хувийн хэвшлийн харилцаанд төр хэт оролцох нь зохимжгүй гэж онцолсон юм.

Эдгээр зөрүүтэй мэдэгдлүүдээс харахад төр засаг асуудлыг суурь шалтгаанаас нь шийдвэрлэхээс илүүтэй олон нийтийн сэтгэлзүйд нийцүүлэх богино хугацааны улс төрийн хариу үйлдэл үзүүлэх нь нэмэгдэж буй мэт.

Махны үнэд төр шууд оролцохгүй байх бодлогын цаана сүүлийн 30 гаруй жилийн турш зах зээлийн тогтолцоог бүрэн төлөвшүүлж, иргэдийг үнийн өсөлтийг давахуйц орлоготой болгож чадсан уу гэсэн томоохон асуулт ч бий. Өөрөөр хэлбэл, зөвхөн “зах зээл өөрөө зохицуулна” гэхээс илүүтэй иргэдийн амьжиргааны баталгааг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал хөндөгдөж байна.

Оны эцэс хүртэл инфляц хоёр оронтой тоонд ойр түвшинд хадгалагдах төлөвтэй байгаа энэ үед эдийн засаг дорвитой сэргэх хүлээлт бага байна. Тиймээс богино хугацаанд иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн дарамтад бага өртүүлэх бодит тактикийн бодлого шаардлагатай байгаа юм. Харин урт хугацаандаа иргэдийг тогтмол орлогын доройтол, инфляц, ханшийн савлагаанд байнга өртдөг тогтолцооноос гаргах суурь реформыг зөв тодорхойлох нь хамгийн чухал асуудал болоод буй.


Махны үнийн хөөрөгдөл ба төрийн зөрүүтэй байр суурь
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0