М.Нарантуяа-Нара: "Цалинтай ээж" тэтгэмжийг ₮100 мянга болгоё

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Б.Бейсен, Ж.Баясгалан, О.Батнайрамдал, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Нийгмийн даатгалын сангийн орлого, түүний зарцуулалт, хүртээмж болон маргаантай асуудлуудын хэрхэн шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасныг асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэлд суурилсан тогтолцоо, түүний хэрэгжилт, эмнэлгүүдийн болон эмийн санхүүжилтэд шаардлагатай төсвийг хэрхэн төлөвлөж байгааг асууж, тус салбарын төсөв, санхүүжилт ихээхэн хүндрээд байгаа талаар ярив.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг инфляцын түвшинтэй хэрхэн уялдуулсан талаар тодруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг амьжиргааны баталгаажих түвшинд хүргэж нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тодорхой нөхцөл буюу төсвийн тодотгол хийсний дараа уг өөрчлөлтийг хүчингүй болгох зохицуулалт тусгах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ямар байгааг асууж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, “цалинтай ээж” тэтгэмжийн хэмжээг 100 000 төгрөг болгох, татварын дарамтын бууруулах Засгийн газрын бодлоготой хувь хүний орлогын албан татварын орлогыг уялдуулж төлөвлөх зэрэг асуудлыг хөндөн, ажлын хэсгийн гишүүдээс тодорхой хариулт авав.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.ЭнхбаярЭнэ онд Засгийн газрын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 60 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлага бийг танилцуулж, ирэх жилүүдэд энэ харьцааг 50 хувиас 45 хувь болгож бууруулах зорилт тавьж буйг дурдсан юм. Энэ онд гадаад өрийн ДНБ-тэй харьцах харьцаа 39.3 хувь байгааг тэрбээр мэдээлэв.

Монгол Улсын хүн амын өсөлт 2025 онд хамгийн доод түвшинд хүрснийг Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн анхааруулж, үүнд голлон нөлөөлж байгаа гэр бүл салалтын тэргүүлэх шалтгаан нь өрхийн орлого буурч байгаа явдал гэдгийг онцолсон юм. Тэрбээр, өрхийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар ямар бодлого, үйл ажиллагаа төлөвлөж байгааг асууж тодорхой хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг арилгах асуудлыг төсвийн хүрээ, төсөөлөлд яаж төлөвлөж байгааг асуусан юм. Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж буйг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлж, төсөөлж байгаагаар 10 хувиар нэмэгдэнэ гэдгийг хэлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр мөн энэ асуудлыг хөндөж, хүнсний бүтээгдэхүүний дамжуулан буюу жижиглэн борлуулалтыг нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-аас чөлөөлөх, цалингийн болон урсгал зардлын бүтцийг шинэчилж, дутагдаж буй зардлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн санал дэвшүүлэв. Засгийн газар төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг тасралтгүй бууруулах бодлого баримталж байгааг сайд Ж.Энхбаяр танилцууллаа.

Боловсролын салбар тэргүүлэх чиглэл хэвээрээ эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах тодруулаад, улсын төсвөөс боловсролын салбарт ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг асуусан юм. Улсын төсөвт боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт тусгагдахгүй гэдгийг сайд Ж.Энхбаяр хэлж, тус салбарын урсгал зардал нийт төсвийн 90 хувьд хүрээд байгааг танилцуулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ДНБ-ийг 5.8-6.3 хувиар өсгөх зорилтыг хангахын тулд эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, өсөлтийг иргэдэд тэгш хүртээх болон импортыг орлох гол нэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо дэмжиж хөгжүүлэх чиглэлээр ямар тодорхой арга хэмжээ төлөвлөсөн талаар асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун татварын орлого өсөх болон хэрэглээний үнэ буурах тооцооллууд, тэдгээрийн үндэслэлийг тодруулж, төсөв, төлөвлөгөөнд тусгасан зорилтуудын үр шим, амьдралд хэрхэн тусах талаар тодорхой танилцуулж ажиллахыг зөвлөв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн талаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


М.Нарантуяа-Нара: "Цалинтай ээж" тэтгэмжийг ₮100 мянга болгоё
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ