G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо

Өмнөд Солонгосын алдарт дуучин G-Dragon ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы хүндэт элчээр томилогджээ.

БНСУ-ын Соёлын өвийн албанаас мэдээлснээр тэрбээр энэ оны долдугаар сарын 19-29-ний өдрүүдэд Бусан хотод болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганыг сурталчлах, дэлхийн соёл, байгалийн өвийг хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн анхаарлыг хандуулах үүрэг хүлээх юм.

Мөн G-Dragon нь “Heritage in Peace” аяны нүүр царайгаар ажиллаж, дайн мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн гамшгийн улмаас эрсдэлд орсон дэлхийн өвийн дурсгалуудыг хамгаалах үйлсэд зориулан олон улсын хандивын аяныг дэмжин оролцох ажээ. Цугларсан хөрөнгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн санд шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тэрбээр томилогдсоныхоо дараа “Соёлын өв бол өнгөрсөн үеийн дурсамж төдийгүй ирээдүй хойч үедээ өвлүүлэх үнэт баялаг юм. Энэхүү чухал үйл хэрэгт хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна” хэмээн мэдэгджээ.

Энэ удаагийн 48 дугаар чуулган нь БНСУ-д анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд дэлхийн олон орны төлөөлөгчид соёл, байгалийн өвийн хамгаалалт, бүртгэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм.


G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ