Монголын хүрээ цам анх IV Богд Жэвзүндамба хутагтын болгоолтоор 1811 оны төмөр хонин жил гарсан. Хүрээ цам нь Их хүрээний хамба номун хан Агваанлувсанхайдүвын туурвисан “Дансүрэн жамцо гарчам” ном увдисын дагуу дэглэгдэн уламжлагдсан байдаг.
Цам нь Очирт тарнийн хатуу үйлийн гарын авлага, зан үйл болно. Монголын хүрээ цам Дамжан Чойжал голлосон шашныг тэтгэн сахигч нарын цам юм. Цамчид Ямандаг бурхны авшиг, Чойжалын даган соёрхлыг хүртэн, Ямандаг бурхны нямба бүтээлийг үйлдсэн бясалгаач нар байдаг. Тэд гурав хоногийн турш Жахар цамын хурлыг хураад, дотоод цамд гараад, догшидын баг, өмсгөл хувцсыг өмсөн барьц хэрэгслийг барьж догшидын дүр байдалд орж, цамнан харайснаар гадаад барцад тотгор болох хар зүгийн лус савдаг, зэтгэр шуламын аюул хорлол, гай зэтгэрийг хүчээр даран сөнөөх, үлдэн хөөх зан үйлийг үйлддэг.
Мөн дотоод түйтгэр болох элдвийн өвчин зовлон, нисваанист муу сэтгэлийг амирлуулдаг юм. Түүгээр үл барам зуурдын зовлонгоос түргэн гэтэлгэх, хойдын төрөлд муу заяанд үл төрөх, нирваан хийгээд Бурханы хутгийг олохын авьяас хөрөнгийг суулгах цаглашгүй тус эрдэмтэй. Иймд сүсэгтэн олон цамд ирж залбирал даатгалаа үйлдэхийг ихэд хичээдэг байна. "Хүрээ цам - Даншиг цам 2026" энэ сарын 27,28- нд Хүй долоо худагт болно.
| "Хүрээ цам даншиг" энэ сарын 27,28-нд Хүй долоо худагт болно |
BTS 88 тоглолт хийхээс 32-ыг нь амжилттай дуусгалаа
2026-07-19 20:13:14
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51