Сэтгэцэд нөлөөт эмийн хэрэгт PSY болон менежерийг нь шалгаж байна

Өмнөд Солонгосын алдарт дуучин, “Gangnam Style” дуугаараа дэлхийд танигдсан PSY сэтгэцэд нөлөөт эмийг хуульд заасан журмын дагуу аваагүй байж болзошгүй хэрэгт холбогдон прокурорт шилжүүлэгдсэн талаар Солонгосын хэвлэлүүд мэдээллээ.

Сөүлийн Содэмүн дүүргийн цагдаагийн газраас мэдээлснээр тэрээр 2022-2025 оны хооронд эмчтэй биечлэн уулзалгүйгээр Xanax болон Stilnox зэрэг сэтгэцэд нөлөөт эмийн жор авч, менежер болон бусад гуравдагч хүнээр дамжуулан эмээ авхуулж байсан гэх үндэслэлээр шалгагдсан байна. Улмаар өнгөрсөн баасан гарагт PSY, түүний менежер, эм бичиж өгсөн эмч зэрэг нийт зургаан хүнийг Эрүүл мэндийн үйлчилгээний тухай хууль зөрчсөн байж болзошгүй хэрэгт прокурорт шилжүүлжээ.

Уг эмүүд нь нойргүйдэл, түгшүүрийн эмгэг, депрессийн үед хэрэглэгддэг бөгөөд донтох эрсдэл өндөртэй тул Өмнөд Солонгост ихэвчлэн эмчийн нүүр тулсан үзлэгийн дараа жорлодог зохицуулалттай эмд тооцогддог байна.

Харин PSY-ийн агентлаг болох P NATION мэдэгдэлдээ дуучин архаг нойрны эмгэгтэй бөгөөд эмчийн зааврын дагуу эм хэрэглэж ирсэн гэж тайлбарлажээ. Мөн зарим тохиолдолд гуравдагч хүнээр эмээ авхуулсан нь буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч “хууль бусаар жор бичүүлсэн” гэх асуудлыг үгүйсгэсэн байна.

Одоогийн байдлаар энэ хэрэг нь мансууруулах бодис хэрэглэсэн гэх асуудал биш бөгөөд жорын эмийг авах үйл явц нь Өмнөд Солонгосын эмнэлгийн хууль тогтоомжийг зөрчсөн эсэхтэй холбоотойгоор шалгагдаж байгаа юм. 


Сэтгэцэд нөлөөт эмийн хэрэгт PSY болон менежерийг нь шалгаж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0