Дуучин Katy Perry “Katie Perry” нэрийн брэндийн маргаанд шүүхэд ялагджээ

Австралийн шүүх олон жил үргэлжилсэн нэрийн маргаанд Америкийн поп дуучин Katy Perry-гийн эсрэг шийдвэр гаргасан талаар гадаадын хэвлэлүүд мэдээллээ.

Тодруулбал, Австралийн дизайнер Katie Taylor өөрийн “Katie Perry” нэртэй хувцасны брэндийг 2007 онд байгуулж, 2008 онд худалдааны тэмдэг болгон бүртгүүлсэн байна. Харин дуучин Katy Perry-гийн баг 2009 оноос уг нэрийг ашиглах нь төөрөгдөл үүсгэнэ хэмээн үзэж, дизайнерын брэндийг зогсоохоор шүүхэд хандсанаар маргаан эхэлжээ.

Ойролцоогоор 15 гаруй жил үргэлжилсэн уг хэрэг Австралийн Дээд шүүх хүртэл хэлэлцэгдсэн бөгөөд 2026 оны гуравдугаар сард гарсан эцсийн шийдвэрээр дизайнерын талд давуу эрх олгосон байна. Шүүхийн дүгнэлтэд “Katie Perry” нэртэй брэнд нь хууль ёсны бүртгэлтэй бөгөөд хэрэглэгчид дуучин Katy Perry-тэй андуурах магадлал хангалттай нотлогдоогүй гэж үзжээ.

Мөн дуучны нэрийг ашигласан зарим бараа бүтээгдэхүүн Австралийн зах зээлд борлуулагдсан нь дизайнерын бүртгэлтэй худалдааны тэмдгийг зөрчсөн байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан талаар мэдээлж байна.

Шүүхийн шийдвэрийн дараа дизайнер Katie Taylor энэ хэргийг “жижиг бизнес том одтой тэмцсэн Давид ба Голиатын тулаан” хэмээн тодорхойлсон байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр талуудын хоорондын нэрийн маргаан 2009 оноос эхэлж, олон шатны шүүхээр хэлэлцэгдсэний эцэст ийнхүү дизайнерын талд шийдвэрлэгдээд байна.


Дуучин Katy Perry “Katie Perry” нэрийн брэндийн маргаанд шүүхэд ялагджээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ