Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот

Сэтгүүлч: Сайн байна уу? Та "Явган алхах орчны тухай хууль" батлагдах ёстой гэдгийг олон нийтэд хэлж байна. Энэ хуулийн хэрэгцээ хаанаас үүдэлтэй вэ?

Б.Болор-Эрдэнэ: Сайн байна уу. Манай холбоо жил бүр хэдэн зуун удаа алхалтын арга хэмжээ, аян, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгэхдээ хамгийн их анзаардаг зүйл маань юу гэвэл манай хотод хүн алхах орчин гэдэг нь дандаа хоёрдогч байр суурьтай байсаар ирсэн. Зам барихдаа машин явахыг эхлээд бодож, хүнээ хамгийн сүүлд боддог. Дэлхийн олон хот "walkable city", өөрөөр хэлбэл алхах таатай хот гэдэг ойлголтыг хотын төлөвлөлтийнхөө гол зарчим болгож аль хэдийн авч хэрэгжүүлж байна. Манайд энэ ойлголт хараахан хэвшээгүй байна.

Сэтгүүлч: Тодорхой ямар асуудлуудыг та хамгийн их анзаардаг вэ?

Б.Болор-Эрдэнэ: Манай хотод гэрэлтүүлэггүй, гарцгүй, тэгш бус эвдэрхий замууд олон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудын хувьд зарим газар явганаар зорчих гэдэг нь бараг боломжгүй болчихсон байдаг. Хүүхдүүд сургуульдаа явахдаа аюултай гудамжаар явах хэрэгтэй болдог. Энэ бүгд нэг л зүйлийг харуулж байна. Манайд явган хүний эрхийг хамгаалсан, тодорхой стандарт тогтоосон хууль байхгүй учраас иймэрхүү асуудал арилахгүй байна.

Сэтгүүлч: Тэгвэл энэ хууль батлагдсанаар бодит байдал дээр юу өөрчлөгдөх вэ?

Б.Болор-Эрдэнэ: Хамгийн түрүүнд явган хүний зам, гарц, гэрэлтүүлэгт тавигдах стандарт тодорхой болно. Энэ нь зүгээр нэг санаачилга төдий биш, харин хууль ёсны шаардлага болж хувирна гэсэн үг. Дараа нь явган зорчигчид, ялангуяа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих аюулгүй байдал нэмэгдэнэ. Мөн зам тээврийн ослын тоо буурна гэдэгт би итгэлтэй байна.

Сэтгүүлч: Зарим хүмүүс "энэ бол зүгээр нэг замын асуудал, яагаад хуультай байх ёстой юм бэ" гэж асуудаг байх?

Б.Болор-Эрдэнэ: Тийм асуулт гардаг. Гэхдээ би хэлмээр байгаа зүйл бол “алхалт” гэдэг зүгээр нэг замын асуудал биш шүү дээ. Алхах нь хотжилтын асуудлаас гадна байгаль орчны боловсрол, эрүүл мэндийн боловсрол, хүн хоорондын харилцаа, нийгэмших боловсрол олгодог үйлдэл юм. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт алхахдаа байгаль, орчноо таньж сурдаг. Хөрш зэргэлдээ хүмүүс гудамжинд тааралдаж, харилцаа холбоо тогтоодог. Машинтай явахад хаалттай орчинд байдаг бол алхахад нийгэмтэйгээ шууд харьцдаг. Энэ бол маш олон давхар ач холбогдол бүхий үйлдэл.

Сэтгүүлч: Иргэдийн эрүүл мэндийн тал дээр та юу хэлэх вэ?

Б.Болор-Эрдэнэ: Энэ бол яг одоо хамгийн чухал асуудал. Монгол Улс маань хорт хавдар, стресс, зүрх судасны өвчлөлөөр тэргүүлж байгаа орнуудын тоонд орж байна. Эдгээр нь нас баралтын голлох шалтгаан ч болж байна. Энэ бол санамсаргүй зүйл биш бидний амьдралын хэв маяг маань хөдөлгөөнгүй болсонтой шууд холбоотой. Бид зөвхөн өвчилсний дараа л эмчилгээ хийлгэхэд төвлөрч байгаа болохоос урьдчилан сэргийлэх тал руугаа санаа тавихгүй байна. Алхалт бол хамгийн хямд, хамгийн хүртээмжтэй, бүх насныханд тохирох урьдчилан сэргийлэх хөдөлгөөн. Иймээс энэ хуулийн тухай санаачилга гаргаж байгаа нь зүгээр нэг дэд бүтцийн асуудал биш. Энэ бол үндэстний эрүүл мэндийн стратегийн асуудал гэдгийг би онцолмоор байна.

Сэтгүүлч: Тэгвэл та энэ хуулийг хотжилтоос илүү өргөн утгаар харж байна гэсэн үг үү?

Б.Болор-Эрдэнэ: Яг тийм. Алхах боломжтой хот байгуулахгэдэг бол зөвхөн зам, орчныг сайжруулна гэсэн үг биш. Энэ бол иргэдийн бие бялдрын болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, нийгмийн харилцааг сэргээх, байгаль орчныг хайрлах боловсролыг өдөр тутмын амьдралд шингээх том зорилго юм. Бид одоо энэ бүх давуу талыг нэг хуулийн дор холбож, төрийн бодлого болгох ёстой цаг үе ирсэн гэж би үзэж байна. Алхдаг үндэстэн, алхдаг хот, алхалтын соёлыг бүтээж, дадлагажуулж чадвал иргэдийн амьдрал илүү амархан, тухтай, бас аз жаргалтай болно.

Сэтгүүлч: МЯАХ цаашид энэ хуулийн төлөө ямар алхам хийх вэ?

Б.Болор-Эрдэнэ: Бид олон нийтэд энэ сэдвийг ойлгуулах, дэмжлэг авах ажлаа үргэлжлүүлнэ. Холбогдох байгууллагууд, УИХ-ын гишүүд, хуульчид, хотын төлөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, энэ санааг бодит хуулийн төсөл болгон хөгжүүлэхийг зорьж байна. Алхах эрх гэдэг бол тав тухын асуудал биш энэ бол бидний хот хэрхэн амьдрах ёстойг, хүн ам маань хэрхэн эрүүл, аз жаргалтай байх ёстойг тодорхойлох суурь асуудал гэдэгт би итгэдэг.

Сэтгүүлч: Баярлалаа, ярилцлага өгсөнд.

Б.Болор-Эрдэнэ: Баярлалаа.


Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ