Монгол улс уур амьсгалын санхүүжилтээ 300 тэрбум ам.доллар болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд болсон. Тэгвэл Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцсэн.

Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм. Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна.

Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавьсан. Үүнд нийт 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулна. Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна. Дотоодын банк бус санхүүгийн байгууллага болон арилжааны банкууд гэхэд л 2030 он гэхэд нийт зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байгаа юм.

 

МУ-ын Ерөнхийлөгчийн хувьд нээлтийн үеэр "Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэхэд голлон анхаарсан дээрх уулзалтын дараа болж буй өнөөдрийн  форумаар Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр Та бид хуран цуглаад байна. Дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, 2024 он бол 1850 оноос хойш дэлхийн түүхэн дэх хамгийн халуун өдөр, хамгийн халуун сар, хамгийн халуун жил болон тэмдэглэгдэхээр байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг урьд өмнөхөөс илүү цочроож, айдаст автуулж байгааг онцлон тэмдэглэсэн юм. 

Түүнчлэн  хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын хувьд өрийн хэмжээ өндөр, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас эдгээр улс орон Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байгааг Та бүхэн мэднэ. Тийм учраас НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцоод байна. Монгол Улс дээрх бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна гэж мэдэгдээд байна. 

Энэ санаачилга дэмжигдэн батлагдвал уламжлалт бэлчээрийн аж ахуйтай дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, аж амьдралыг хамгаалан сайжруулахад бодит дэмжлэг болно.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байгаа билээ. 

Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжиж эхлээд байна.

Энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх талаар туршлагаа хуваалцах, бодлого, арга хэмжээгээ уялдуулахад чиглэж байна. Юуны өмнө манай улсын хувьд ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгүүдийн хоорондын бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг олон асуудал дээр нэг зүгт, нэг цонхоор харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь нэн чухал байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг яам, ганц нэг байгууллагын ажил биш юм.

Энэ бүх яам, институт, ард иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага зэрэг нийгмийн бүх бүлгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, үүрэг, хариуцлага гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна. Сүүлийн жилүүдэд манай хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллагууд ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай. Одоо гагцхүү төрийн зүгээс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулах, хурдан шуурхай дэмжин ажиллах нь чухал байна. Тухайлбал, хүлэмжийн хийг бууруулахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтуудыг нарийн боловсруулж ард иргэд, баялаг бүтээгчдэд сайтар ойлгуулан таниулах шаардлагатай байна.

Нэн ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нарийвчилсан бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй. Энэ хүрээнд ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй. Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, мөн нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрийн зүгээс онцгой анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай байгааг форумын нээлтийн үгэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цохон хэлсэн юм. 

 

 


Монгол улс уур амьсгалын санхүүжилтээ 300 тэрбум ам.доллар болгоно
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ