Д.Амарбаясгалан: УИХ-ын үйл ажиллагаа бүхэлдээ төр улсын хөгжил, нийт олны амьдралын сайн сайхны төлөө чиглэгдсэн байх учиртай

УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, нийт ард иргэд ээ

 

Монгол Улс Үндсэн хуульт ардчилсан парламентын засаглалд шилжсэн цагаас хойш Улсын Их Хурлын 33 дахь удаагийн ээлжит бус чуулганыг хуралдуулж байна.

Энэ удаагийн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн, ажлын 12 өдөр чуулан, хаалтаа хийж байна. Чуулганы өдрүүдэд нэгдсэн хуралдаан нийт 7 удаа хийгдэх хугацаандаа 39 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргалаа. Энэ хугацаанд Байнгын хороод 35 удаа, Дэд хороо 3 удаа хуралдлаа.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх билээ.

 

Хамтарсан Засгийн газар, 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлсэн Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын мөрийн хөтөлбөрт суурилсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал нэн яаралтай хэлэлцэн баталлаа.

 

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 619 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагдсан байлаа. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сүүлийн 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд дэвшилтэт өөрчлөлтийг авчрах учиртай.

 

 

 

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол зөвхөн 4 жилээр зогсохгүй ирэх 10-20 жилийн хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын үндсэн чиглэл байх ёстой гэдгийг энэ удаагийн парламентын гишүүд чухалчлан үзэж, шийдвэрээ гаргалаа.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй хамт Төсвийн тодотгол өргөн баригдсан нь хууль тогтоох байгууллагын хяналтын чиг үүргийг тодотгосон үр дүнтэй хэлэлцүүлэгүүдийг өрнүүлж, парламентын гишүүн иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, нээлттэй, мэргэжлийн байж хурдтай ажиллах ёстойг илэрхийллээ.

 

Шинээр байгуулагдсан парламентын анхны ээлжит бус чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүх Байнгын хороод, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 785.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ашигтай гарсан боловч, Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг хангуулах, төсвийн тогтвортой байдал, хариуцлага, сахилга батыг сайжруулах нэн шаардлагатай байна.

 

Д.Амарбаясгалан: УИХ-ын үйл ажиллагаа бүхэлдээ төр улсын хөгжил, нийт олны амьдралын сайн сайхны төлөө чиглэгдсэн байх учиртай

Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ