"Цүнх баригчаас" ХУД-ийн хаан болсон Ж.Алдаржавхлан гэж хэн бэ

Сүүлийн жилүүдэд Хан-Уул дүүрэгт хот төлөвлөлтгүй хорооллууд олноор баригдаж, түгжрэл, орчны бохирдол, сургууль цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хурцаар тавигдах болсон. Тус дүүргийг найман жилийн турш удирдсан Ж.Алдаржавхлан өнөөдөр УИХ-ын гишүүн болсон ч түүнийг тойрсон маргаан, хардлага намжаагүй байна. Түүний нэртэй холбогдох ашиг сонирхлын зөрчил, тендерийн сэжүүр, хөрөнгө орлогын зөрүүтэй мэдээлэл зэрэг нь олон нийт болон хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсаар ирсэн. Улс төрийн гараагаа туслахаас эхэлж, өнөөдрийн түвшинд хүрсэн түүний замнал эрх мэдэл, ивээл, бизнесийн холбоосоор хэрхэн сүлжилдсэнийг тоймлон хүргэе.

Түүний удирдсан найман жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн олон хороонд ямар ч төлөвлөлтгүй, улсын сургууль, цэцэрлэггүй, ногоон байгууламж, тоглоомын талбайгүй хорооллууд олноор баригдаж, хүн амын хэт төвлөрөл, түгжрэл газар авсан. Гэвч Ж.Алдаржавхлан эдгээрт хариуцлага хүлээгээгүй төдийгүй өнөөдөр УИХ-ын гишүүн болчихсон явж байх жишээний. Ж.Алдаржавхлан намтраа “2001–2006 онд УИХ-ын Тамгын газрын референт, Төсвийн байнгын хорооны зохион байгуулагч байсан” гэж бичсэн байдаг. Гэвч үнэн хэрэгтээ тэр 2001 онд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Баяртсайханы туслах, “цүнх баригч” болж төрийн ордонд хөл тавьсан гэж эх сурвалжууд хэлдэг. Энэ нь тэдний эцэг Л.Жуков болон Н.Баяртсайхан нарын Увс аймгийн Түргэн сумын хамаатан холбоотой байж болох юм.

2006–2008 онд тэр Сангийн сайд Н.Баяртсайханы зөвлөхөөр ажилласан. Харин 2008–2012 онд “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон нь мөн л Н.Баяртсайханы шийдвэр байв. 2016 онд тэр НИТХ-д Хан-Уул дүүргээс нэр дэвшин сонгогдож, улмаар Засаг даргаар томилогдсон. Энэ нь ч мөн Н.Баяртсайхантай холбоотой байсан гэх мэдээлэл бий. Учир нь, Н.Баяртсайхан 2004 онд Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан бөгөөд туслах аснаараа хуучин тойргоо “удирдуулсан” байж болзошгүй гэж ажиглагчид үздэг.

Ж.Алдаржавхлан ₮378 саяын орлого, 185 саяын үйлчилгээний зориулалттай барилга, авто зогсоолтой

Ийнхүү Ж.Алдаржавхлан цүнх барьсан туслахаас тамга атгасан Засаг дарга болтлоо Н.Баяртсайханы улс төрийн сүүдэрт өсөж дэвшжээ. 2020 онд иргэд түүнийг нэг гэр бүлийн эзэмшил гурван компаниас 5 тэрбум төгрөг авсан, эмзэг бүлгийн иргэдэд олгох ₮415 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг зориулалтын бусаар ашигласан, гадаад томилолтод 2017–2020 онд ₮276 сая төгрөг зарцуулсан, 2020 оны 4-р сарын 10-ны захирамжаар 40 га газрыг ажилчдадаа хууль бусаар олгосон, 33 хүнийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэх зэрэг асуудлаар АТГ-т гомдол гаргаж, шалгуулж байсан. ХОМ ба хөрөнгө орлогын мэдээлэл Өнгөрсөн онуудад Ж.Алдаржавхлан ХОМ-т “байр, мал, үнэт эдлэл, компани эзэмшдэггүй, дансандаа 60 сая төгрөгтэй” гэж мэдүүлж ирсэн.

Харин 2024 оны ХОМ-оор:

  • Жилийн орлого ₮378 сая,
  • 185 сая төгрөгөөр үнэлэгдэх үйлчилгээний зориулалттай барилга, авто зогсоол,
  • “Nissan X-Trail” автомашин,
  • 700 м² газар,
  • ₮233 сая төгрөгийн хандив,
  • ₮79 сая төгрөгийн хадгаламжтай,
  • Үнэт эдлэл, компани эзэмшдэггүй гэжээ.

Харин түүний ах, эгч хоёрын эзэмшдэг компаниудын тоо толгой эргэм

Ж.Алдаржавхлангийн төрсөн ах Ж.Баяржавхлан нь улс төрд орох учраа олохгүй мунгинасаар өдий хүрч байна. Тухайлбал, Ж.Баяржавхлан 2020 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшээд унаж байлаа. Харин өнгөрөгч УИХ-ын сонгуулиар ИЗНН-аас нэр дэвшихээр СЕХ-д хүсэлтээ  өгсөн ч “АН-ын гишүүнчлэлээ хасуулаагүй” шалтгаанаар нэр дэвшүүлээгүй гэх. Харин одоо НИТХ-д АН-аас нэр дэвшиж байна. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан орох оронгүй, хувийн бизнесгүй гэж мэдүүлдэг бол, ах Ж.Баяржавхлан нь хувьдаа 10 гаруй компанитай, тэр тусмаа уул уурхайн компаниудын тэсэлгээг хариуцдаг “Пауэр бласт” ХХК-ийн эзэн. Үүнээс гадна сонирхуулахад, Ж.Баяржавхлан нь БЗС-гаас 2001 онд АНУ-ын Питсбургийн их сургуульд суралцахдаа 29,917 ам.долларын зээл авсан байдаг. Үүнийг одоогийн ханшаар авч үзвэл, 103 сая төгрөгтэй дүйцэх хэмжээний зээл авч, гадаадад суралцсан гэсэн үг юм.

Харин төрсөн эгч Ж.Оюун-Эрдэнэ нь “Эм Эн Пи Эм” ХХК, “Өгөөмөр зам” ХХК, “Тэнгэрлэг-орчлон” ХХК, “Баянсэжүүр транспорт” ХХК, “Эвсэгмонгол групп” ХХК, “Эвсэг монгол” ХХК, “Зэв гранд” ХХК, “Эвсэг майнинг” ХХК, “Хон Фэн Да интернэйшнл” ХХК, “Эвсэг импекс” ХХК, “Эвсэг проперти” ХХК, “Эвсэг инженеринг” ХХК, “Фүүд хаус” ХХК гэсэн 13 компанийг эзэмшдэг аж.

2024 оны сонгуулийн өмнө Ж.Алдаржавхлан тендерийн мөнгөөр сонгуулийн санхүүжилт босгосон гэх мэдээлэл гарч байв. Тэр Хан-Уул дүүргийн 23-р хороо буюу Яармагийн дэнжид 960 хүүхдийн сургууль бариулах 18 тэрбум төгрөгийн төсвийг хамгаалж батлуулсан. Улмаар 2024 оны 3 дугаар сарын 15-нд ЗДТГ-аас 18 тэрбум төгрөгийн тендер зарлаж, “Хуягт харш” ХХК ганцаараа оролцон, өрсөлдөгчгүйгээр шалгарсан. Энэ компани өмнө нь ямар ч төсвийн ажил гүйцэтгэж байгаагүй, сошиал хуудас, ажлын туршлагагүй атлаа томоохон тендерт шалгарсан нь анхаарал татсан.

Тэр анх УИХ-ын гишүүн Н.Баяртсайханы туслах байснаас эхлэн улс төрийн шат дамжлагыг хурдан хөндлөн гарч, дүүргийн Засаг дарга, улмаар УИХ-ын гишүүн хүртэл дэвшжээ. Энэ бүхэнд түүнийг дэмжигч улстөрийн нөлөөтэй холбоо байж болох тухай баримтууд олон байна. Хан-Уул дүүргийг найман жил удирдах хугацаанд хот төлөвлөлт, нийтийн дэд бүтэц, иргэдийн амьдралын чанарт бодит ахиц гарч чадаагүй төдийгүй газрын ашиглалт, төсвийн зарцуулалт, тендерийн ил тод байдалд эргэлзээтэй олон асуудал үүссэн.

Мөн түүний хөрөнгө, орлогын мэдүүлэг бодит байдалтай нийцэхгүй байж болзошгүй бөгөөд ах, эгчийнх нь эзэмшдэг олон компани, барилгын салбартай холбогдох ашиг сонирхлын зөрчил ил тод ажиглагдаж байна. Товчхондоо, Ж.Алдаржавхлан бол улс төр, бизнесийн эрх ашиг холилдсон сүлжээний дунд өсөж, дүүргийн бодлогоос илүү хувийн ашиг сонирхолд төвлөрсөн улс төрчдийн нэг хэмээн дүгнэж болохоор байна.


"Цүнх баригчаас" ХУД-ийн хаан болсон Ж.Алдаржавхлан гэж хэн бэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ