Б.Жавхлан сайд аа, боомтын БЭТ Б.Батхишигийг төрийн мөнгөөр угжсаар байх уу

Монгол Улсын Засгийн газар 2021 оны 7 дугаар сарын 16-нд 209 дүгээр тогтоолоор Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааг байгуулсан. Харин уг захиргаа байгуулагдсан цагаасаа хойш энэ байгууллага төсвөө хэтрүүлэн зарцуулдаг, чиг үүргийн давхардалтай, иргэдийн татварын мөнгийг үр ашиггүй үрдэг гэх шүүмжлэл дагуулсаар ирлээ.

Жишээ нь, өнгөрсөн онд тус захиргаа тэрбум төгрөгөөр ердөө гурван автомашин худалдан авсан нь хамгийн тодорхой баримтын нэг. Иргэдийн зүгээс батлагдсан төсөв хэтрүүлэгдэж, үр ашиггүй зарцуулагдаж буй талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт гомдол гаргасан ч асуудлыг Сангийн яам руу шилжүүлснээс цааш дорвитой шийдвэр гараагүй байна.

Боомтын асуудал эрхэлсэн сайдын албыг татан буулгаснаар уг байгууллагын чиг үүрэг Сангийн сайдын мэдэлд шилжсэн. Сангийн сайд Б.Жавхлан зарим орон тоог цомхотгосон ч бодитой үр дүн гараагүй бөгөөд үр ашиггүй зарцуулалт хэвээр үргэлжилсээр байгаа аж.

Үүнийг дараах төсвийн мэдээллээс харж болно:

2023 оны төсвийн зардлыг 1 тэрбум 043 сая 078 мянган төгрөгөөр, 336.3-727.0 хувиар буюу 3-7 дахин хэтрүүлэн зарцуулж, Төсвийн хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хуулиудыг онц ноцтойгоор зөрчсөн.

Хилийн боомтын захиргааны 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлангаар:                                

“Блэссэд софтвейр” ХХК-тай вэбсайт хөгжүүлэх зөвлөх үйлчилгээний 17.5 сая төгрөгийн гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан ажлын даалгаврын дагуу ажлын тайлан бичигдээгүй, нотлох баримт хангалтгүй учир ажлын гүйцэтгэлд олгогдсон 17.5 сая төгрөгөнд төлбөрийн акт тавигдсан үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.                                       

2. Сангийн сайдын 2021 оны 190 дүгээр тушаалыг зөрчиж өөрийн чиг үүрэгт хамаарахгүй хоол хүнсний зардлыг төсөвт төлөвлөж 52.7 сая төгрөгийг зарцуулан төсөвт мөн хэмжээний хохирол учруулсан.                               

3. Төсвийн зарлагын 6 тэрбум 547 сая төгрөгийн 50 гүйлгээ, орлогын 11 тэрбум 103 сая 700 мянган төгрөгийн 23 гүйлгээг шилэн дансны цахим системд мэдээллээгүй. Энэ нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1,  4.1.5, 6 дугаар зүйлийн 6.4.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг 01 дүгээр сарын 25-ны дотор Төрийн аудитын байгууллагад ирүүлээгүй, өмнөх оны аудитын зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг аудитын тайланг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Төрийн аудитын байгууллагад ирүүлээгүй, хугацаа хоцроосон. Тухайн албан үүргээ биелүүлээгүй албан хаагчийг ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа ч  арга хэмжээ тооцоогүй. Энэ нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1,  16 дугаар зүйлийн 16.5.7,  Төрийн аудитын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.2,  20.5,  42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтыг тус тус зөрчсөн.                                

2024 онд туулах чадвар сайтай 9 ширхэг /нэгж үнэ 170.0 сая/ суудлын 2 ширхэг /нэгж үнэ 135.0 сая/ автомашиныг нийт 1 тэрбум  800 сая төгрөгөөр худалдан авалт хийхээр төлөвлөсөн бөгөөд худалдан авах үйл ажиллагааны явцад хөрөнгө оруулалтын нэр төрөл, тоо хэмжээ, үнэ зэрэгт өөрчлөлт орж 834.0 сая төгрөгөөр худалдан авалт хийсэн. Хөрөнгө оруулалтын зарцуулагдаагүй үлдэгдэл 966.0 сая төгрөгийг төсвийн дансанд төвлөрүүлэлгүй, төсөвт болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, байгууллагын үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагаас  давсан нийт 963.0 сая төгрөгөөр 5  автомашиныг /Nissan Patrol  Y62 - 2ширхэг, Nissan Leaf - 2  ширхэг, Hyundai Elantra - 1 ширхэг/ худалдан авч төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1,  16 дугаар зүйлийн 16.5.2,  16 дугаар зүйлийн 16.5.5,  24 дүгээр зүйлийн 24.4,   Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.                                      

Дээрх төсвийн зохицуулалтаас гадна Урамшуулалын зардал, Хангамж бараа материалын зардал, Хангамж бараа материалын зардал, Гадаад албан томилолтын зардал зэрэгт мөн л төсвийн мөнгөө хоёр жилийн хугацаанд хэтрүүлэн хэрэглэсэн байгаа юм.

Энэ хугацаанд Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишиг төрийн албан хаагчдын цалингийн шатлалаас үл хамааран 8 сая төгрөгийн өндөр цалин авч байгаа нь хуулийн зөрчил төдийгүй шударга ёсны зарчмыг алдагдуулсан үйлдэл болж буй.

Түүний хувьд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн статустайгаар 2 жил гаруй ажиллаж өөртөө давуу байдал үүсгэж байгаа, цалингаа өндрөөр тогтоож улсад тодорхой хэмжээний хохирол учруулж байгаа, 2023 онд улсын төсвийн 1 тэрбум 043 сая төгрөгийг хэтрүүлэн зарцуулж улсад их хэмжээний хохирол учруулсан, 2024 онд 963.0 сая төгрөгөөр байгууллагын хэрэгцээ шаардлагаас давсан 5 автомашин худалдан авч /2 Nissan Leaf автомашин ашиглагдахгүй байгаа/ үлэмж хэмжээний хохирол учруулсан. Хоол хүнсний зардалд 52.7 сая төгрөг, бэлэг дурсгалд 41.6 сая төгрөг нийт 1 тэрбум гаруй төгрөгийг хууль бусаар зарцуулж улсад мөн хэмжээний хохирол учруулсан зэргийг тоочоод байвал дуусахгүй.

Ийн байгууллагын зорилго нь боомтын зохион байгуулалт, хяналтыг сайжруулах бус, төсвийн мөнгө “идэх” хэрэгсэл болон хувирсан тухай шүүмжлэл ширүүсэв. Хоёр жил гаруй хугацаанд лобби, будлиан, зөрчил дунд ажиллаж буй энэ байгууллагыг татан буулгах эсэх нь өнөө хэр тодорхойгүй. 


Б.Жавхлан сайд аа, боомтын БЭТ Б.Батхишигийг төрийн мөнгөөр угжсаар байх уу
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-09-02 13:09:59
    Ч.Ганболд: Энэ мэт хууль зөрчигчдөд арга хэмжээ тооцох. Хүн засаглах уу хууль засаглах уу.
Шинэ мэдээ