Ёс зүйн ДЕЛО: Шүүхийн сахилгын хорооны “нүцгэн” үнэнийг дэлгэх мөч ирлээ

-Шүүхийн сахилгын хороо НДЕГ, “Чингис хаан банк”-нд зээлээ төлөөгүй компанид давуу байдал олгосон нэр бүхий шүүгчдээ хэрхэн шүүхийг харцгаая!-

Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг завшсан хэргүүд шүүх дээр очоод хэрхэн замхардгийн ноцтой жишээг цувралаар хүргэж байна. Эхний жишээ болох, нэр бүхий шүүгчдэд буюу бүрэлдэхүүнтэй шүүгчдэд холбогдох ноцтой хэрэг ирэх сарын 3-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэх гэж байна. Хэрэв Шүүхийн сахилгын хороо нь нотлох баримтгүйгээр хэргийг шүүсэн доорх нэр бүхий шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан үгүйг тогтоовол сахилгын шийтгэл оноож прокурор болон АТГ-т шалгуулах болно. Эсрэгээрээ шийдэгдвэл ЭМДС, НДС-ийн мөнгө “Шүүгчдийн буян”-д байхгүй болно. 

Хэргийг товч сийрүүлье. “Химийн шингэн” гэдэг компани “Чингис хаан” банкнаас авсан зээлийнхээ өрөнд үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай  үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээ тус банкны өмчлөлд шилжүүлсэн.  Харин тус компаниас төлбөр авагч  “Чингис хаан” банк нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт өртэй. Учир нь Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны 2624 тоот захирамжаар 101.7 тэрбум төгрөгийг Чингис хаан банкнаас гаргуулж Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тиймээс дээрх өрнөөсөө 2.5 тэрбум төгрөгийг гаргуулахаар өөрийнх нь өмчлөлд ирсэн “Химийн шингэн” ХХК-ийн өмчлөлд байсан зээлийн төлбөр барагдуулах гэрээний дагуу уг объектыг 5.6 тэрбум төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч НДЕГ зөвшөөрсөн үндэслэлээр, дээрх үнийн 50 хувь буюу 2.8 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаа явуулсан байдаг. 

Анхны дуудлага худалдаагаар худалдан авагч олдоогүй. Хоёр дахь дуудлага худалдаагаар гурван оролцогчоос хамгийн өндөр үнийн саналаар буюу 2 тэрбум 830 сая төгрөгөөр “Газар шим үйлдвэр” ХК худалдаж авчээ.
Дуудлага худалдааны дүн ингэж гарснаас хойш гомдол гаргах хугацааг хуулийн дагуу хүлээсэн боловч “Химийн шингэн” компани ч, өөр хэн ч ямар нэгэн гомдол гаргаагүй. Хэн ч гомдол гаргаагүй учраас дуудлага худалдаа хүчин төгөлдөр болж “Газар шим” компани руу холбогдох хөрөнгүүдийг шилжүүлсэн. Шилжих явцад нэг асуудал гарсан нь газар шилжүүлэх болоход “Химийн шингэн” ХХК сүүлийн хэдэн жилд газрын төлбөр 80 гаруй сая төгрөгийг огт төлөөгүй учраас газар шилжүүлэх боломжгүй, заавал очиж төлөх ёстой байсан. “Газар шим үйлдвэр” ХХК олон нийтийн компани учраас ТУЗ хуралдаад дээрх газрын төлбөрийг төлөхөөр шийдэж газрыг хууль ёсоор шилжүүлж авсан байдаг.

Ингээд хөрөнгийг “Газар шим үйлдвэр” ХК-ийн өмчлөлд бүрэн шилжүүлж дууссаны дараа ШШГЕГ-ын Банкны төлбөр барагдуулах газраас “Газар шим үйлдвэр” ХК-д анхан шатны шүүх дээр “Химийн шингэн” ХХК дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэл гаргачихсан явааг дуулгажээ. Тэднийх “Чингис банк”-тай гэрээ хийхдээ ямар тохиолдолд барьцаа хөрөнгөө буцаан авах тухай тусгасан байсан гэх зүйлийг ярьж буй ч гэрээний маргаан бол тусдаа асуудал. Нөгөөтэйгүүр тэр гэрээнд заасан графикийн дагуу зээлээ төлж чадаагүй учраас хөрөнгөө хураалгасан. Энэ тухай “Химийн шингэн” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Барьцааны  зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах тухай хүсэлт”, мөн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 24/13 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт хүргүүлсэн “Барьцааны эд хөрөнгийг Чингис хаан банканд шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэх агуулгатай албан бичиг зэрэг баримтууд, чухам ямар өмчийг “Чингис хаан” банкны мэдэлд өгөхөө жагсаагаад, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан баримт нь ч энд байна. 

Гэтэл тэд хоёр дахь дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд хандсан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл “Химийн шингэн” ХХК нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Хачирхалтай нь давж заалдах шатны шүүхээс Чингис хаан банкинд огт төлбөр төлөөгүй “Химийн шингэн” ХХК-ийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Чингис хаан банканд 2.500.000 төгрөг төлсөн гээд хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох шийдвэр гаргах нь тэр. Ноцтой нь дээрх 2.5 тэрбум төгрөгийг төлсөн гэх баримт нотолгоог огт үзүүлээгүй. Огт төлөөгүй учраас тийм нотлох баримт байх ч үндэслэлгүй. 

Анхан шатны шүүх хурлын үеэр шүүгч “Химийн шингэн” компани 2.5 тэрбум төгрөг төлсөн эсэхийг асуухад  “Чингис хаан” банк ч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ч “төлөөгүй” гэж хариулсан. Тийм ч учраас анхан шатны шүүхийн шийдвэр 2025 оны 01 дүгээр сарын 29-нд “Химийн шингэн” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Давж заалдах шатны шүүх 2025 оны 03 дүгээр сарын 21-нд гаргасан магадлалдаа “2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Чингис хаан банканд 2.500.000 төгрөг төлсөн” гэж “гүжирдэн” ямар ч баримт нотолгоо үзүүлэхгүйгээр “Химийн шингэн” ХХК-ийн нэхэмжлэлийг хангааад зогсохгүй “Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй” гээд зааж хүчээр хязгаарлачихсан. Үүгээрээ “Химийн шингэн” ХХК-ийг нотлох баримтгүйгээр Чингис хаан банкинд төлөх байсан 2.5 тэрбум төгрөгийн төлбөрөөс хамгаалж Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлөгдөх байсан төлбөрт ч саад учруулав.

Энэ тохиолдолд шүүгчдийн шийдвэрийг хянадаг байгууллага нь Шүүхийн сахилгын хороо юм. Шүүхийн сахилгын хороонд  “Шүүх бүрэлдэхүүн 2.5 тэрбум төгрөг төлөгдсөн гэх хавтаст хэрэгт огт байхгүй нотлох баримтыг хаанаас олж дотоод итгэлээрээ үнэлсэн нь тодорхойгүй. Хуульд байхгүй эрхийг нэхэмжлэгч компанид байгаа мэтээр хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж бусдад давуу байдал бий болгосон. Иймд уг магадлалыг гаргасан шүүх бүрэлдэхүүн болох шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа, С.Энхбаяр нарт шүүхийн сахилгын хэрэг үүсгэн шалгаж өгнө үү гэсэн гомдол гаргажээ. 

Гэтэл Шүүхийн сахилгын хорооны шүүгч Д.Мягмарцэрэн “Нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хууль хэрэглэх нь шүүгчийн хараат бус бүрэн эрхэд хамаарна. Тиймээс Шүүхийн сахилгын хороо нь энэ үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрхгүй” гэсэн хариу өгч, нотлох баримтгүйгээр дотоод итгэлээрээ төлбөрөө барагдуулах НДЕГ-ыг болон дуудлага худалдаагаар 2.8 тэрбум төгрөгөөр хураагдсан объектыг хуулийн дагуу худалдан авсан “Газар шим үйлдвэр” компанийг хохироосон, хаана ч, хэзээ ч 2.5 тэрбум төгрөг төлөөгүй нь анхан шатны шүүхээр баталгаажсан “Химийн шингэн” компанийг зөвтгөсөн байгаа юм.

Азаар Шүүхийн сахилгын хорооны шийдвэрийг бас давж заалдаж болдог хуультай аж. Ингээд Б.Мягмарцэрэнгийн захирамжаар гаргасан  шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж Шүүхийн Сахилгын хороогоор дахин хандуулахаар өргөдөл гаргасан. Шүүхийн сахилгын хороон дотроо бүрэлдэхүүнтэй  шүүгч нар сууж хуралдаад “Хянах шаардлагатай зүйл байна. Гарцаагүй байхгүй нотлох баримтгүйгээр хэргийг шүүсэн учраас тухайн нэр бүхий шүүгчдэд хэрэг үүсгэх ёстой” гэж үзээд буй аж. Энэхүү үүсгэсэн хэрэг нь хянагдсаар ирэх есдүгээр сарын 3-нд давж заалдах шатны гурван шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан үгүйг тогтоох гэж байна. Гэмт хэргийн шинж байгаа гэж тогтоогдвол сахилгын шийтгэл оноож прокурор болон АТГ-т шалгуулах болно. Эсрэгээрээ шийдэгдвэл ЭМД, НДС-ийн мөнгө шүүгчдийн буянд байхгүй болно.

Энэ жишээн дээр хуулийн дагуу дуудлага худалдаагаар гурван оролцогчоос хамгийн өндөр үнийн саналаар буюу 2 тэрбум 830 сая төгрөгөөр банкинд хураагдсан хөрөнгийг худалдаж авсан “Газар шим үйлдвэр” ХК Шүүхийн сахилгын хороонд давж заалдан шүүх бүрэлдэхүүнийг өгч үнэнийг шийдүүлэхээр тултал явж буй ховор жишээ таарлаа. 

Гэтэл ингэж тултал хөөцөлдөөгүй, банкны зээлээ төлөөгүй ч гэсэн шүүхийн шатанд нотлох баримтгүйгээр төлсөн болгож барьцаа хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдан авагчаас дээрэмдэж авсан хэчнээн хэрэг олон нийтийн сонорт, Шүүхийн сахилгын хорооныхонд мэдэгдэхгүй өнгөрч Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын санг хоосолсон бол? Шүүгчид тэдэнд хэрхэн “тусалж”, давуу байдал олгон ашиг сонирхлын зөрчил гаргасан бол гэдэг ноцтой асуудал мөн. 

Шүүхийн сахилгын хороо нь давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн болох Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа, С.Энхбаяр нарын хаана ч, хэзээ ч төлөөгүй 2.5 тэрбум төгрөгийг төлсөн болгож нотлох баримтгүйгээр, дотоод итгэлээрээ төрийн байгууллагыг, банкийг, компанийг хохироосон асуудалд хэрхэн хандах, тэд ямар ашиг сонирхлын зөрчилтэйгээр “Химийн шингэн” компанид давуу байдал олгосоныг, мөн Шүүхийн сахилгын хорооны шүүгч Д.Мягмарцэрэн яагаад энэ тохиолдолд шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг бүрэн шалгахгүйгээр зөвхөн гомдол гаргагчийн өргөдлийн хүрээнд шүүгчдээ хамгаалсан ерөнхий бүрхэг хариулт өгч, хараат бус байдал гэдэг үгийг буруу ашиглаж хуйвалдсан байж болзошгүй хэргийг хэрхэн эцэслэхийг олон нийттэй хамт ажиглаж байна. 

2025 оны 09 дүгээр сарын 03-нд Шүүхийн сахилгын хорооны үнэн нүүр царай илчлэгдэнэ. Үүний цаана Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингис хаан банк, 2.8 тэрбум төгрөгөөр хуулийн дагуу худалдан авалт хийгээд хохирсон “Газар шим үйлдвэр” ХК-иас гадна хэчнээн төрийн байгууллага, арилжааны банк, ААН, иргэд хохирсон ч байж болзошгүй асуудал цувралаар хүлээж байна.

НИЙТЛЭЛЧ У.ОРГИЛМАА 


Ёс зүйн ДЕЛО: Шүүхийн сахилгын хорооны “нүцгэн” үнэнийг дэлгэх мөч ирлээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ