Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо амжилттай боллоо.

Засгийн газар хоорондын комиссын V хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд, Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Киргиз Улсын Сайд нарын танхимын дэд дарга, Киргизийн хэсгийн дарга Э.Ж.Байсалов нар ахалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагын төлөөлөл оролцов.

Талууд Монгол, Киргизийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, онцгой байдлын алба зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийж, протоколд гарын үсэг зурлаа. Мөн хоёр тал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд хийхээр төлөвлөсөн төрийн айлчлалын ач холбогдлын талаар санал солилцож, уг айлчлал нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болохыг онцлон тэмдэглэлээ.

Хуралдааны эхэнд Шадар сайд С.Амарсайхан IV хуралдаанаар тохирсон ажлууд амжилттай хэрэгжсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хөдөө аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, уул уурхайн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, байгаль орчин, соёл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр орны улс төрийн яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж буйг талууд сайшаан тэмдэглэв.

Цаашид хоёр улсын бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов. Тухайлбал, Боловсролын салбарт багш, оюутан солилцоо, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Онцгой байдлын чиглэлээр гамшгаас сэргийлэх, аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагаа, Эрүүл мэндийн салбарт эмийн үйлдвэрлэл, мэргэжилтэн бэлтгэл, туршлага солилцох, Нийгмийн хамгааллын салбарт харилцан айлчлал, арга хэмжээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.

Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцаа, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагаа стратегийн түвшинд эрчимтэй хөгжиж байгааг уг хуралдаан дахин нотлон харууллаа.


Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ