Шинэ Ерөнхий сайдад хуучин сайдуудын талаар шивнэж биш хашгирч хэлэх үг байна!

-14 мега төслийг баталснаа ч мартсан 30 гарын үсгээр хуучин сайдуудаа хөөвөл “Огцрох амархан!”-

Төрийн ордонд улс төр “шатаж”, Таны орсон ажлын өрөө тулааны талбар болчихоод байгааг нүдээр харчихаад ирлээ. Төрийн мөнгөөр сурч боловсроод ирсэн, зарим нь пропорциональ системийн буянд өрсөлдөгчгүй сонгогдсон, төрийн ажлын олон жилийн туршлага хуримтлуулж хараахан амжаагүй залуу гишүүд маань хууль тогтоох байтугай Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулиа ч уншиж үзээгүй бололтой. Тиймээс Ерөнхий сайдын танхимаа бүрдүүлэх  бүрэн эрхэд халдаж байна. Энэ бол хатуухан хэлэхэд “Халдлага”! Гэтэл улс оронд юу болоод байна гээч?
Дулааны гуравдугаар цахилгаан станцад энэ сарын 2-ны өдөр осол гарч хүний алтан амь үрэгдчихээд байна. Салбарын сайд Б.Чойжилсүрэн нь “хариуцлага хүлээнэ, ажлаа өгнө” гэж байна лээ. Энэ үг хариуцлагаас зугтсан хүний үг биш, бухимдсан, харамссан сайдын үг байх гэж бодож байна. Учир нь сүүлийн гурван жилд буюу түүнийг сайдаар ажилласан хугацаанд Эрчим хүчний яам байнгын бэлэн байдалд, “Шуурхай штаб” шиг ажиллаж хугацаа нь дууссан тоног төхөөрөмж, барилга байгууламжтай станцуудаа хэвийн, аюулгүй ажиллуулах гэж өдөр шөнөгүй тордож додомдсон юм билээ. Тэгж байтал 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын 137 дугаар тогтоол гарч, эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн нийт хувьцааны 66 хувийн төлөөллийг “Эрчист Монгол” ТӨХК хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Тэгэхээр нь Эрчим хүчний сайд 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайдад хандан албан бичиг илгээхдээ дээрх шийдвэр энэ салбарыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг хязгаарлаад байна аа, эрчим хүчний системийн өдөр тутмын шуурхай удирдлагыг хэрэгжүүлж болохгүй болгочихлоо гээд албан бичиг явуулсан. Гэтэл “Эрчист Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал 4 дүгээр сарын 17-нд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын ТУЗ-д явуулсан албан бичгээрээ 66 хувиа шилжүүл, тэгэхгүй бол үр дагаврыг нь та нар хариуцахыг анхаарна уу гэсэн байгаа юм. Ингээд гацсан.

Харамсалтай нь ингэж гацах хооронд буюу 2025 оны 6 дугаар сарын 2-нд осол гарч эрдэнэт хүний амь нас эрсдэв. Талийгаач инженер залуу овсгоотой, туршлагатайдаа хүмүүсээ ослын газраас холдуулаагүй бол хэдэн хүн амиа алдах байсныг төсөөлөхөөс ч аймшигтай.

Ингээд осол гарснаас хойш хоёр хоногийн дараа Засгийн газрын 286 дугаар тогтоол гарсан. Яасан гээч? Буцаад “Эрчист Монгол”-д шилжүүлсэн 66 хувийн төлөөллийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр заав. Өнөөх засаглалыг сайжруулах, салбарын найдвартай, аюулгүй ажиллагааг олон зүйлт шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнд даалгажээ. Харамсалтай байгаа биз?

Гэсэн ч Эрчим хүчний сайдаас хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх, компаниудад үүсээд байгаа асуудлуудаа шийдэх гээд хувьцаа эзэмшигчдийн төлөөллөө томилж ирүүлэхийг хүссэн албан бичгээ 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Эрчист Монгол” компани руу явуулсан боловч өнөөдрийг хүртэл томилж ирүүлээгүй ажлыг гацаасан хэвээр байна.

Зүв зүгээр явж байсан ажил үүргийг тасалдуулж хувьцаа, эрх мэдэл булаалдаагүй бол, байнгын хяналт шалгалт тавих үйл ажиллагааг нь гацааж, хэрэгжүүлэх эрхгүй болгоогүй бол осол гараа ч уу, үгүй ч үү. Гэтэл заавал осол гартал ийм олон бичиг шидэлцэж цаг алдсанд харамсал төрөөд байх юм. Яагаад гэвэл дээр дурдсанчлан сүүлийн гурван жилд яамнаас гарсан ажлын хэсэг байнга өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, станцуудаа эргэж тойрч, аюулгүй байдлыг нь шалгаж явсан ажлыг таслан зогсоочихсон гэм буруугийн мэдрэмж Засгийн газарт заавал төрөх ёстой.

Ердөө арваадхан хоногийн өмнө одоо л эрхээ хэрэгжүүл гэсэн Засгийн газрын тогтоолыг Эрчим хүчний яам авлаа. Улмаар Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаад долоохон хонож байна, Ерөнхий сайд аа! Энэ бол ДЦС-3 дээр гарсан осол, түймрийн улмаас үүссэн нөхцөл байдалд мэргэжлийн байгууллагууд хамтран дүгнэлт гаргах, хохирлын хэмжээг тогтоох, сэргээн засварлахад шаардлагатай зардал, санхүүжүүлэх эх үүсвэрийг урьдчилан тооцох, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж Засгийн газарт танилцуулах үүрэгтэй Ажлын хэсэг. Энэ ажлын хэсгийг ажиллах гэтэл Засгийн газар огцорчихсон.

Энэ талаар эхнээс нь сонирхож, сурвалжилсаар буй нийтлэлч миний хардаж буйгаар одоо цаашид яах ёстойг хэрхэн харж байгаагаа үүгээр Ерөнхий сайд Г.Занданшатар танаа хүргэе. Яг одоогийн байдлаар цагдаа, тагнуулын байгууллага ДЦС-3-ын ослын дүгнэлтийг гаргахаар ажиллаж байсан чинь уг хэргийн харьяаллыг өөрчилж Прокурорын байгууллагаас УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлчихсэн байна. Гэтэл станцын хэвийн байдлыг үргэлжлүүлэх, сэргээн засварлахын тулд турбиныг засах хэрэгтэй, засахын тулд задлах хэрэгтэй. Хэргийн газарт үзлэг хийхэд нотлох баримтад өөрчлөлт орчих магадлалтай гэж үзээд Эрчим хүчний яамнаас Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст, улмаар харьяалал өөрчлөгдсөн гээд Мөрдөн байцаах албанд албан бичгээр хүргүүлсэн боловч тэр турбиныг задлах талаар аль алинаас нь хариу ирүүлээгүй, хугацаа алдсаар байна.

Тэгэхээр Эрчим хүчний яамыг “ДЦС-3”-аас эрх хэрэгжүүлэлтийг нь холдуулангуут тэртээ хол хэдэн тоо бодсон нөхөд хувьцаа яриад л, станцын үйл ажиллагаа, аюулгүй байдалд ч санаа зовохгүйгээр гацаасан цаг үед осол дэлбэрэлт болсон нь сонин биш байна уу. Б.Чойжилсүрэн хэн ч байж болно. Өнгөрсөн хугацаанд сайдын албан тушаалд ажилласан байдлаас нь харахад Сангийн сайдаар ажиллаж байхдаа ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт орж ажиллаж Монгол Улсыг хар жагсаалт, дампуурлаас салгаж чадсан, Эрчим хүчний сайдаар ажилласан сүүлийн гурван жилд тоног төхөөрөмж, барилга байгууламжууд нь хугацаа нь дуусчихсан хүнд нөхцөлд станцуудыг дэлбэлчихгүй авч яваад байсан Б.Чойжилсүрэн сайдад ачааг нь үүрүүлээд, хариуцлагы нь хүлээлгээд сайдаар нь дахин ажиллуулах ёстой гэж бодож байна.

Мэдээж түүнийг ажиллууллаа гээд цахилгаанаар тасалдахгүй гэсэн үг биш л дээ. Цахилгааны өөр эх үүсвэр олох аргаа тэр яриад л байгаа. Харин ДЦС-3 цахилгаан үйлдвэрлэж чадахгүй нь ойлгомжтой, зөвхөн дулаан үйлдвэрлээд энэ өвлийг давчих боломжийг бол мэдээд байх шиг байна. Гэхдээ ослын шалтгаан тодорхойгүй учраас турбин авах тендер зарлах боломжгүй. Шалтгаан нь тодроод тендер зарлалаа гэхэд шинээр турбин захиалж авчраад суурилуулахад хоёр жил, бэлэн байгаа турбин суурилуулах бол оны өмнө хийж амжина гэж салбарынхан хэлж байна. Тэгэхээр цоо шинэ хүн ирээд энэ бүх ажилтай танилцаад, салбараа мэддэг болоод хийж эхлэх гэвэл энэ өвөл нийслэлчүүд хөлдөх нь. Нэг хоног ч хайран байна.

Зөвхөн нэг салбар, хамгийн тулгамдсан асуудлыг дурдахад ийм байна, Ерөнхий сайд аа. Ер нь гучаад гишүүн гарын үсэг зураад л Ерөнхий сайдын танхимаа бүрдүүлэх эрхэд халдаад байх юм бол Танд цаашид ажиллах ямар ч боломж, чадамж байхгүй болно. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан, хууль тогтоох байгууллагаа даргалж байсан Г.Занданшатар Та үүнийг сайн мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр эрх мэдэлдээ эзэн болж улс орноо хөгжүүлэх нь шинээр сайд сургаж авахаас илүү чухал гэдгийг ойлгож, туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлнэ гэж найдаж байна.

Ер нь улс орны хөгжлийн зорилтыг хангах мега төслүүдийг эхнээс нь өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж яваа сайд нараа хасах хэрэггүй байх. Анх удаа парламентад сууж буй гишүүн, анх удаа сайд болж үзэхийг хүсэхийг ойлгож буй ч дамжаа хичээллүүлэх зав, боломж өнөөдрийн нөхцөлд төрд алга. “Алсын хараа”-гаа ч уншиж үзээгүй, Шинэ сэргэлтийн бодлогыг ч сайн ухамсарлаагүй, 14 мега төслийг “32 модон хүний үлгэр” шиг хүнийрхүү бодож яваа албан тушаалд шунасан улстөрчдөөс Засгийн газраа бүрдүүлбэл хичээл заасаар байгаад огцорно гэдгийг мэдэж байгаа гэж итгэж байна.

Түүнчлэн шинэ сайдуудыг томилох болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд орох өөрчлөлттэй холбоотойгоор Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны A/127 дугаар тушаалаар байгуулагдсан Үндсэн болон Дэд ажлын хэсгүүдэд өөрчлөлт оруулах буюу шинэчилсэн, татан буулгасан тохиолдолд ажил улам бүр гацах болно гэдгийг анхааруулахад илүүдэхгүй болов уу. 

  Нийтлэлч У.Оргилмаа 


Шинэ Ерөнхий сайдад хуучин сайдуудын талаар шивнэж биш хашгирч хэлэх үг байна!
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ