МАН ₮2.8 тэрбумыг авах бол Үнэн ба зөв намд санхүүжилт олгохгүй

Улс төрийн намын тухай хуулиар намуудад улсын төсвөөс санхүүжилт олгодог болсон. Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны тавдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Улс төрийн намын тухай хуульд “Сонгуулийн төв байгууллага жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар төрийн санхүүжилтийн дээд хэмжээг хуульд заасны дагуу төлөвлөн тооцож, тогтоол гаргаснаа нийтэд мэдээлсэн юм.

Тухайн үед нам эвсэлд олгохоор төлөвлөж буй төрийн санхүүжилтийг мэдээлэхдээ  МАН  2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая  төгрөг гээд нийт 7.4 тэрбум төгрөгийг авахаар байна хэмээн зарлаж  байсан. 

Улс төрийн намын тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн санхүүгийн тайланг хянасны дараа дээрх санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоож, олгохоор хуульчилсан.

Хуулийн хугацаанд 28 нам тайлангаа ирүүлснийг аудитын хуулийн этгээд, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар хянаж, дүгнэлт гаргасан. Эдгээрээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвсэл, Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намд 2025 онд олгох төрийн санхүүжилт, дөрвөн жилд нэг удаа олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоох асуудлыг хуралдаанаар хэлэлцжээ.

Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д заасан зохицуулалтын дагуу төрийн санхүүжилт авах эрх бүхий 7 нам, эвслийн санхүүгийн тайланг хянаж үзэхэд Үнэн ба зөв нам нь 2024 онд хуульд заасан дээрх 4 төрлийн орлогогүй тул энэ жилийн хувьд төрөөс олгох санхүүжилт тогтоогдоогүй, харин Үндэсний эвсэлд нэгдсэн намуудын орлогын нийлбэр санхүүжилтийн дээд хэмжээнд хүрээгүй тул төрөөс олгох санхүүжилтийн хэмжээ нь энэ жилийн хувьд буурч олгогдохоор шийдвэрлэлээ. Бусад нам, эвслийн тухайд санхүүгийн тайлан хуульд заасан шаардлага хангаж байгаа тул төрийн санхүүжилтийн дээд хэмжээнд заасан дүнгээр санхүүжилт олгохоор тогтжээ.


МАН ₮2.8 тэрбумыг авах бол Үнэн ба зөв намд санхүүжилт олгохгүй
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ