Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгуулав

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Мандхай нар Увс аймгийн Улаангом суманд энэ сарын 12-нд ажиллах үеэрээ Увс аймгийн ИТХ-ын дэргэдэх Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтэд оролцлоо.

 

УИХ-ын  дарга Д.Амарбаясгалан энэ үеэр хэлсэн үгэндээ, хууль батлах нэг хэрэг, харин баталсан хуулийг иргэд, олон нийтэд таниулах, сахин мөрдүүлэх нь эрх зүйт төрийн хамгийн чухал бөгөөд хариуцлагатай үе шат мөн. Энэ үе шатанд анхаарал сулруулснаар хууль хэрэглээнд гажуудал, хийдэл, буруу ойлголт гарч, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон хууль дээдлэх ёс цалгардах, хүний эрх зөрчигдөх нөхцөл байдал ажиглагдаж байна. Ийм байдлыг өөрчлөх нь энэ удаагийн парламентын эрхэм зорилгын нэг юм. Намрын чуулганаар баталсан УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, парламентын боловсрол олгох талаар онцгойлон тусгасан. Энэ бодлогыг хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгоход тус төвийн үйл ажиллагаа чухал юм. Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулж, УИХ-ын Тамгын газартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж буй зургаа дахь аймаг болж байна.

 

 

Өнөөдрийн энэ ёслол протокол, тэмдэглэл болоод дуусах ёсгүй. УИХ-аас дэвшүүлсэн эрх зүйн “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг бодит амьдралд хэрэгжүүлэх, ажил хэрэгч, амьд хөдөлгөөн болон өрнөж, Увс аймагт хууль дээдлэх ёс хэрэгжиж байгааг улс даяар харуулах жишиг болсноор үр дүн нь хэмжигдэх болно. Тус төв хэзээд иргэдэд нээлттэй, ил тод, бүтээлч, шуурхай байх төдийгүй хуулийг тайлбарлах, зөвлөгөө өгөх, зөвлөн туслах олон хэлбэрээр орон нутаг дахь төрийн бүх байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдтэй нягт хамтран ажиллавал зохино. Тус төвийн бас нэг үндсэн зорилго, ач холбогдол нь хууль батлагдахаас өмнөх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж, идэвхжүүлэх, мөн өмнө нь баталсан хуулиуд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан дүрэм, журмууд амьдралд нийцэж буй эсэх талаар санал хэлэлцүүлэг өрнүүлэх, шаардлагатай бол өөрчлөх, санал хүсэлтээ D-parliament болон бусад олон хэлбэрээр илэрхийлэх боломжийг нь хангах замаар хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм. Үүний тулд тухайн хуулиар зохицуулах харилцаанд хамаарах бүх субъектүүдийн санал хүсэлтийг сонсдог хэлэлцүүлэг, шүүмж, мэтгэлцээн өрнүүлэх, сонсгол зохион байгуулах зэрэг олон шинэлэг арга хэлбэрээр ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

 

Мөн энэ үеэр Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга УИХ болон түүний Тамгын газраас энэхүү Хууль тогтоомж сурталчлах төвийг Улаангом суманд нээж байгаад талархал илэрхийлээд, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлж, хэрэгжүүлэх эрхийг хангаж, Хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан цаашид үйл ажиллагаагаа явуулж, УИХ болон аймгийн ИТХ-ын хамтын ажиллагаа, олон нийтэд хууль сурталчлах ажлыг тогтмолжуулахад гол гүүр болон ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Швейцарын хөгжлийн агентлагийн Төв Азийн хэсгийн дэд дарга К.Энглер цахим мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг 2024 онд албан ёсоор зогсоохоор тогтсон хэдий ч УИХ-ын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөрүүд маш сайн үр дүнтэй хэрэгжсэн тул 2026 он хүртэл хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Энэхүү төвийг орон нутагт байгуулснаар хүн бүр баталгаатай, бодит мэдээллийг илүү хялбар, шуурхай байдлаар олж авах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мэдлэг, мэдээллийн хүртээмжтэй байдал нь улс орны цаашдын хөгжилд чухал үүрэгтэй билээ. Тиймээс энэ нь хүн бүрийн эрх үүрэг хариуцлага юм хэмээн цахим мэндчилгээндээ тодотгов.

 

Нээлт УИХ-ын Тамгын газар болон Увс аймгийн ИТХ хоорондын Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолоор үргэлжлэв. Тус төвийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад талуудын хүлээх үүргийг тодорхойлж, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга нар баримт бичигт гарын үсэг зурлаа.

 

Хууль тогтоомж сурталчлах төв нь УИХ-аас баталсан хууль тогтоомж болон орон нутгийн ИТХ-аас гарч буй шийдвэрийг олон нийтэд тухай бүр хүргэх, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулна. Үүний зэрэгцээ ЕБС-ийн сурагч, их дээд сургуулийн оюутан, өсвөр үеийнхэнд ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч, парламентын боловсрол болон өсвөрийн парламент хөтөлбөрийг танилцуулах, оролцоог хангахад чиглэж ажиллах юм.

 

Мөн иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна эрх зүйн боловсрол олгох хүрээнд номын сангийн булан ажиллуулах бөгөөд УИХ-ын Тамгын газраас “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023, 2024, 2025 оны дугаар, “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 21 боть ном, УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг УИХ-ын хавар, намрын ээлжит чуулганы танилцуулга зэрэг 1400 гаруй ширхэг ном, гарын авлага, эмхэтгэлийг хүргүүлэв. Нээлтийн үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монголын түүхэн сурвалж бичгүүд” 33 боть номыг тус төвд гардууллаа.

 

Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, парламентын боловсрол олгох тухай хуулийн зохицуулалт болон стратеги бодлогын зорилт тусгагдсан. Уг зорилтын хүрээнд УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

 

УИХ-ын Тамгын газар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвийг үе шаттайгаар байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймагт байгуулаад байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгуулав
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ